Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч сонгуулийн дүнг будилуулсан байж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын огцорсон ерөнхийлөгч Пак Гын Хэ 2012 оны сонгуульд одоогийн ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг цөөн тооны саналын зөрүүгээр ялж байсан юм.

Тэгвэл тухайн үед тагнуулын төв газрын дарга байсан хүн энэ долоо хоногт 2012 оны сонгуулийн үеэр Пак Гын Хэг ялуулахын тулд нууц ажиллагаа зохион байгуулсанд буруутгагдсан нь сонгуулийн дүнд эргэлзээ төрүүлж эхэлжээ.

2009-2013 онд Үндэсний Тагнуулын Газрын дарга байсан Вон Сэй Хүүнийг сонгуулийн хууль зөрчсөн хэргээр Лхагва гарагт ялласан юм. Тэрээр онлайн орчинд их хэмжээний сэтгэгдэл бичих баг ажиллуулж, иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх нууц ажиллагаа зохион байгуулсан нь илэрч дөрвөн жил хоригдох ял сонсжээ.

Тухайн сонгуульд Пак Гын Хэ 51.6 хувийн санал авч Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон бол Мүүн Жэ Ин 48 хувийн санал авч байсан юм. Пакийн өмнөх ерөнхийлөгч Ли Мюн Бакийн засаг захиргааныхан өөрийн консерватив намын нэр дэвшигчийг ялуулахын тулд дээрх арга хэмжээг авсан байна.

Хуулийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тагнуулын даргын ял Дээд шүүхээр батлагдвал 2012 оны сонгуулийн дүнг будилаантай гэж үзэхэд хүрэх гэнэ.

Вон даргын өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа Лхагва гарагт мэдэгдсэн юм. Гэхдээ нэгэнт Пак Гын Хэ огцорч, шинэ ерөнхийлөгч тодорсон тул 2012 оны сонгуулийн үр дүнг буцаах боломж байхгүй гэж хуульчид бас дүгнэжээ.

 

Эх сурвалж: Korea Herald