Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэбаяр: Гүйх тусам уулыг давахад цаана нь ямар байгаль хүлээж байгаа бол гэсэн бодол төрүүлдэг

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
 

“Талын Марафон” тэмцээнийг зохион байгуулагчид болох "Нүүдлийн Зурган Өгүүлэмж" ТББ-н ерөнхий продюсер Э.Тамир, Комикс зохиолч, зураач Н.Эрдэнэбаяр нартай уулзаж ярилцлаа. 

Марафонд жил бүр 3,000 орчим тамирчин оролцдог

 

Э.Тамир "Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн” хүрээнд уг марафон зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог.

“Энэхүү тэмцээнийг дэлхийн хэмжээний гүйлтийн тэмцээн болгохоор зорьж байгаа. "Showa Holdings" компани уг тэмцээнийг дэлхийд сурталчлан таниулах ажлыг хийж байна" гэлээ.

Nomadic Comics байгууллагын хувьд 2004 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд контент үйлдвэрлэлийн чиглэлд анхааран ажиллаж ирсэн. “Бонгын адал явдал”, “Бумбардай” зэрэг комикс номуудыг хийж бүтээснээр нь бид бүхэн андахгүй.

 

Тэд өмнө нь контентоор дамжуулж хүмүүсийг соён гэгээрүүлэх ажлыг хийж байсан бол энэ удаад нийгэмд чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж тодорхой нэг асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар шийдсэн хэмээн Э.Тамир нэмж хэллээ.

Түүнчлэн  "Талын Марафон”-ы зорилго бол Монголыг сурталчлах, Монголын аялал жуулчлалыг дэмжих, Монголын хөнгөн атлетикийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршиж байгаа” гэсэн юм.

Энэ жилийн арга хэмжээнээс олсон орлогын тодорхой хэмжээг "Лантуун дохио" ТББ-н “Ид шидийн орон” хүүхэд, хамгаалал хөгжлийн төв байгуулах төсөлд хандивлана гэв. 

 

“Талын Марафон” нь  Монголоос олон улсад танигдах бэлэг тэмдэг болсон уралдаан болно гэж зохион байгуулагчид үзэж байгаагаа дуулгалаа. 

Түрүүлэх нь чухал биш сэтгэл дүүрэн байдлыг мэдрэх нь чухал

 

Харин Комикс зохиолч, зураач Н.Эрдэнэбаяр “Талын Марафон” -ы ач холбогдлын талаар  "Хүн хотод, засмал замаар гүйхдээ тодорхой зам, зайнд ямар хугацаанд гүйх вэ, өөрийн амжилтыг хэрхэн ахиулах вэ” гэдгийг илүү боддог, мэдээж спорт, эрүүл мэнд, нийгэмд чиглэх нь бий.

Гэхдээ түүнээс илүүтэй спортын амжилтаа ахиулах зорилготой байдаг.

“Дэлхийн хаана ч ялгаагүй хотын гүйлт нь том хот, байшин барилгын дунд, засмал замд явагддаг" бол байгаль дахь гүйлт нь "Байгалийн хүчин зүйлд бүрэн автаж хол замд бороо орох, нар халуун шарах, салхи шуурга дэгдэх, гол ус гатлах, магадгүй чулуу, модонд бүдрэн унах, ой модонд сонин хачин шувуу амьтадтай таарах ч байна.

Гүйх тусам, энэ уулыг давахад, энэ голыг гатлахад, энэ давааны цаана ямар байгаль, уулга алдуулам үзэсгэлэн хүлээж байгааг таашгүй.

Үүний цаана юу байгаа болоо, намайг юу, ямар гайхамшиг хүлээж байгаа болоо гэсэн бодлыг тамирчдад төрүүлдэг" зэргээрээ хотын гүйлтээс ялгаатай юм.

Уг тэмцээний гол зорилгыг "Байгалийг хайрлан биширч түүнтэй хүйн холбоогоо мэдрэхээс гадна маш том аялал тул  цуг гүйж буй хамтран гүйгч, өрсөлдөгч нараа хол замын аянд хайрлан туслах сэтгэлээр дүүрэн байх явдал юм. Мөн түрүүлэх нь чухал биш сэтгэл дүүрэн байдлыг мэдрэх нь чухал" гэж тайлбарлалаа.

Трэйл раннинг нь бүхий л улс, тивүүдэд идэвхитэй зохион байгуулагдаж жилээс жилд дэлхий дахинд трэнд болж байгаа гүйлтийн төрөл юм.  

Марафон есдүгээр сарын 10-нд “Хүй долоон худаг”-т болно

 

 

Япон улсын иргэн Фүживара сан болон Кон Аяа сан нар 1996 онд “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийг анх зохион байгуулж байжээ.

Энэ жилийн марафон 9-р сарын 10-ны өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах бөгөөд “Уужим сэтгэл, Уудам тал” уриан дор болох юм байна.

Тус тэмцээн нь Өсвөр үе-Насанд хүрэгчид- Ахмад настан гэсэн үндсэн гурван ангиллаар зохион байгууллагдана. 

Оролцогчдын гүйх зай нь 3км, 5км, 10км, 21км аж. Зай тус бүрд шагналтай бөгөөд хамгийн холын зай болох 21км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг уламжлал ёсоор хурдан удмын даагаар шагнана. 

"Талын марафон"-д бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

"ТАЛЫН МАРАФОН"-2017

Энэ удаагийн “Талын нутгийн Монгол” марафон гүйлтийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо, Нүүдлийн Зурган Өгүүлэмж ТББ /Номадик Комикс/ , ерөнхий ивээн тэтгэгчээр  Япон улсын Showa Holdings групп, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Японы элчин сайдын яам, Төв аймгийн ЗДТГ, “Монгол наадам” цогцолбор  болон БТС-ын бусад байгууллагууд, их дээд сургуулиуд хамтран ажиллаж байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.