Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсөвт тусгагдсны дараа ХҮҮХДИЙН МӨНГӨ олгогдож эхэлнэ"

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх баригч намын Засгийн газраас хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргасан билээ.

Харин өмнөхөн нь Олон Улсын Вальютын Сангийн "Өргөтгөсөн Санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдахын тулд нийгмийн халамжуудаа танах үүднээс хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор шийдвэрлэсэн.

Нэгээс долоодугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож 161 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн мэдээлэл бий. 

Харин удалгүй Засгийн газраас "Төсвийн орлого давж биелсэн, эдийн засаг сайжирсан учраас хүүхдийн мөнгийг олгож эхлэхээр боллоо" гэж тайлбарлан хүүхдийн мөнгө тарааж эхэлсэн ч наймдугаар сарын хүүхдийн мөнгө олгогдоогүй байгаа. 

Үүний учрыг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны холбогдох ажилтнаас тодруулахад "Төсөвт тусгагдаж байж хүүхдийн мөнгө олгогдож эхэлнэ.  Одоогоор хүүхдийн мөнгө олгогдохгүй байгаа.
 
Төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг тусгах ажил ХНХЯ-ны зүгээс хийгдэж дууссан. Харин одоо Сангийн яамнаас УИХ болон Засгийн газарт энэ асуудлыг оруулж шийдүүлнэ. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" гэлээ. 
 
Үүнээс үзвэл Эдийн засаг сэргэж хүүхдийн мөнгө олгогдсон эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч Засгийн газраас хүүхдийн мөнгийг төсөвт тусгахгүйгээр олгосон нь тодорхой болоод байгаа юм.
 
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Хөрөнгийн боломж байгаа ч төсвийн тодотгол хийхгүйгээр хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг шийдэх боломжгүй байдалд хүрсэн" хэмээн мэдээлсэн.