Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тажикистаны ерөнхийлөгч өөрийг нь магтан дуулсан залууд эхнэр олж өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Урьд өмнө уулзаж байгаагүй хүнтэйгээ сохроор гэрлэх тохиолдол Тажикистаны алс бөглүү нутгуудад түгээмэл үзэгдэл. Тэгвэл энэ сарын 27-нд болох гэж байгаа хурим онцгой сонин тохиолдол болж байгаа юм.

Учир нь уг гэрлэлтийг тус улсын ерөнхийлөгч долоо хоногийн дотор зарлиг гарган зохион байгуулжээ. Наймдугаар сарын 16-нд Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон улсынхаа баруун өмнөд Хатлон мужид айлчилж иргэдтэй уулзсан юм.

Энэ үеэр 23 настай, тосгоны сургуулийн түүхийн багш Асроров иргэдийг төлөөлөн үг хэлэхдээ Рахмоныг “үндэстний эцэг, Тажикистаны энх тунх амьдралыг бүтээгч” хэмээн магтсан байна. Асроров ерөнхийлөгчөө залуу үеийн боловсролыг дэмждэг, халамжлан хүмүүжүүлэгч гээд өөрийн зохиосон шүлгийг түүнд зориулан уншжээ.

Дараах видеонд Асроровын шүлэг уншиж буй хэсэг байгаа.

Эмомали Рахмон бол 1992 онд Тажикистаныг ЗХУ-аас салж, бие даасан улс болохоос эхлэн одоог хүртэл удирдаж байгаа хүн.

Асроровын магтаалд сэтгэл нь хөдөлсөн Рахмон багш залуутай уулзаж, хувийн амьдралыг нь сонирхжээ. Багш залуу сүй тавихад гардаг уламжлалт зардлыг цалингаараа төлж дийлэхгүй тул одоо болтол ганц бие байгаагаа ерөнхийлөгчид хэлсэн байна.

Рахмон тэр даруй мужийн захиргаанд үүрэг өгч, Асроровт эхнэр олж өгөхийг даалгажээ. Ингээд хэдхэн хоногийн дотор багш сүйт бүсгүйтэй болж, хуримаа товлосон байна. Ерөнхийлөгч бас хуримын бүх зардлыг нь мужийн захиргаанаас гаргахыг үүрэгджээ.

Рахмоноос даалгавар авсан мужийн захиргааныхан тэр дороо Асроровоос гэрлэхийг хүсдэг эмэгтэй байгаа эсэхийг асууж, багш залуу анагаахын сургууль төгссөн Маржона Худоидоваг эхнэрээ болгохыг хүсдэгээ хэлсэн байна.

Асроров энэ бүсгүйг сургуульд сурч байхад нь нэг л удаа харж байжээ. Анхны харцаар багш залуугийн хайрыг булаасан 22 настай бүсгүй харин Асроровыг огт мэдэхгүй байсан гэнэ.

 
Сүйт бүсгүй Маржона Худоидова

Ингээд наймдугаар сарын 19-нд мужийн захиргаанаас томилсон комисс Худойдовагийн гэрт очиж, эцэг эхтэй нь уулзжээ. Бүсгүйн эцэг эх охиноо ажил хийхийг нь хорихгүй байх нөхцөлтэйгээр Асроровтой гэрлүүлэхийг зөвшөөрсөн байна.

Бүсгүйн ээжийн ярьснаар олон эрчүүд охиныг нь гуйдаг ч ажил хөдөлмөр эрхлэх нөхцлийг нь сонсоод дахин эргэж ирдэггүй байжээ.

Ингээд мужийн захиргаа 16,000 сомон буюу $1,800 орчим бэлэн мөнгийг Худойдовагийн гэр бүлд олгож, хуримд бэлдэхийг даалгасан байна. Тажикистанд амьдрал хүнд, олон эрчүүд сүйнд зарцуулах мөнгөгүйн улмаас ОХУ-ыг зорьж, ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэгвэл тосгоны багш, азтай залуу Асроров ерөнхийлөгчийнхөө ивээлийг хүртэж, амьдралдаа эргэлт гаргажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty