Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэцэгсайхан: Хөхөнцөр вирусийн вакцины үр дүнг судалж байна

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 8 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбарт судалгааны ажил чухал байдаг. Танай байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Өнгөрсөн хугацаанд ямар судалгаан дээр ажиллаж, ямар үр дүнд хүрэв?

-Манайх байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Хүн амд хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх, энэ өвчинд шаналж буй хүмүүст туслах чиглэлээр ажилладаг. Би Австрали улсад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрт суралцаж байхдаа Австралийн хавдрын зөвлөл дээр богино хугацаанд ажилласан. 

Тэгээд өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл манай улсын эрүүл мэндийн салбарт чухал юм байна гэдгийг олж хараад ТББ-аа байгуулсан. Манай эмнэлгүүд одоогоор хүн ирээд үзүүллээ гэхэд өвчилсөн эрхтнийг эмчлээд л гаргаад явуулчхаж байна.  Араас нь өгдөг нэмэлт мэдээлэл, дэмжлэгт хөтөлбөрүүд бага байдаг. Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлье гэж зорьсон. Түүнчлэн энэ төрөлд судалгаа шинжилгээний ажил ч их бага байдаг юм байна.

-Судалгааныхаа ажлын талаар тодруулахгүй юу?

-Манай байгууллага бусад ТББ-аас  ялгаатай, илүү онцлогтой байхыг хичээж байна. Хавдартай өвчтөнүүдэд зориулсан ном товхимол, гарын авлага гэж монгол хэл дээр байдаггүй. Химийн эмчилгээ гэж юу вэ, өөрийн сэтгэл санаагаа яаж дэмжих вэ, хавдрыг хэрхэн даван туулах уу гэсэн энгийн зөвлөгөө бүхий ном товхимлуудыг англи хэлнээс орчуулан өвчтөнүүдэд үнэгүй тараах ажил хийлээ.

Арав гаруй цувралаас одоо гурвыг нь хүмүүст хүргэсэн. Мөн манай үйл ажиллагаагаа нотолгоо дээр тулгуурладаг.  Өнгөрсөн хугацаанд хоёр төрлийн судалгааг эхлүүлж чадсан. Хүний хөхөнцөр вирусийн вакцины үр дүнг үнэлэх судалгаа, Хууль бус тамхины талаар судалж байгаа.  Энэ тал дээр бусад орны эрдэмтэдтэй хамтран ажилладаг.

Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар дамждаг халдвар бөгөөд хавдар үүсгэх эрсдэлт хэв шинж нь хүний биед олон жил эмчлэгдэхгүй байсан тохиолдолд умайн хүзүүний хавдар болдог. 

Мөн хүн амд хавдраас яаж урьдчилан сэргийлэх, ямар хүчин зүйл нөлөөлж байна гээд энэ өвчлөлийн эрсдэл рүү нь чиглэж бууруулах талаар үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. 

-Судалгааны ажил дээр бусад орны эрдэмтэдтэй хамтардаг гэлээ. Тухайлбал, ямар хүмүүстэй хамтран ажиллаж байна вэ?

- Хүний хөхөнцөр вирусийн вакцины үр дүнг үнэлэхэд Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.  Тамхины судалгаан дээр Өмнөд Африкийн Кейп Тауны их сургуулийн эрдэмтэд хамтран ажилладаг.

-Хүний хөхөнцөр вирусийн вакцины үр дүнг үнэлэх судалгааныхаа тухай тодруулахгүй юу.  Энэ нь ямар учиртай вакцин бэ?

-Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар дамждаг халдвар бөгөөд хавдар үүсгэх эрсдэлт хэв шинж нь хүний биед олон жил эмчлэгдэхгүй байсан тохиолдолд умайн хүзүүний хавдар болдог. Манай баг 2012 онд хүний хөхөнцөр вирусийн вакциныг хийлгэсэн охидод эргэж судалгаа хийж байна. Тухайн үед энэ үйл ажиллагааг улстөржүүлж, энэ вакцин үргүй болгодог гэх зэргээр олон нийтийн дунд төөрөгдөл бий болсон.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрсөн энэ вакциныг одоогоор 100 гаруй оронд хэрэглэж байна. Энэхүү вакцин хийсний үр дүн, гаж нөлөө байсан уу, хийлгэсэн хүмүүсийн дундах энэ вирусийн тархалт зэрэг судалгааны дүн энэ онд багтаж гарна. Манай эмэгтэйчүүдийн дунд бүртгэгдэж буй хорт хавдрын дотор хоёрдугаар байр эзэлж байгаа энэ хавдрын хувьд дорвитой ажил хийх хэрэгцээ шаардлага байна.

-Хууль бус тамхины талаар судалгаа нь ямар учиртай юм бэ?

-Ихэнх оронд энэ төрлийн судалгааг  байнга хийж байдаг. Улс орнуудын хувьд тамхины татварыг нэмэх нь тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэж тооцдог. Бидний судалгаа хууль бус тамхины  зах зээл манайд ямар байгааг судалж байна.  Өнгөрсөн дөрөвдүгээр сараас судалгаагаа эхэллээ.

Үр дүнгийн тухай ярихад жаахан эрт юм. Олон улсад бол татвар нэмэгдсэнээр хууль бус тамхины зах зээл улам цэцэглэх тал бий гэж үздэг. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт гэдгийг сүүлийн судалгаанууд харуулж эхэлсэн. Тэгэхээр манай улс ч энэ тал дээр харьцангуй тайван байгаа гэж харж байна.

-Өмнөд Африкийн Кейп Тауны их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа гэлээ. Тухайн орнууд хууль бус тамхины асуудлаа хэрхэн шийддэг юм бол?

- Дэлхий дахинаа 2025 он гэхэд тамхины хэрэглээг 30 хувь бууруулах зорилтыг улс орнууд тавьсан байгаа. Одоо бидэнд найман жилийн хугацаа үлджээ.  Энэ хугацаанд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь чухал байна.  Австралид нэг хайрцаг тамхи 25-30 ам.доллар байгаа.  Гэтэл Монголд 2-3 мянга байна.

Одоогийн байдлаар манай оронд тамхи таталтыг төвшин 26.1 хувь байгаа (эрчүүдийн 49.1 хувьд, эмэгтэйчүүдийн 5.3 хувь тамхи татдаг) бөгөөд ямар нэгэн арга хэмжээ энэ эрчээрээ явбал 2025 он гэхэд нийт хүн амын 23 хувь тамхи татдаг хэвээр байх болно. Харин олон улсад хүлээсэн зорилтод хүрч хэрэглээгээ одоогийн байгаагаас 30 хувь бууруулахын тулд 2025 гэхэд энэ тоог 19.2 хувь хүртэл буулгах буюу 70,322 хүнийг тамхинаас гаргаж байж энэ зорилтод хүрэх учиртай юм.

Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол татварыг нэмэгдүүлэх асуудал гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Тамхи нь хавдар, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, шигдээс, уушгины архаг бөглөрөлт өвчин зэргийн гол шалтгаан болж байдаг.

-Манай улс энэ зорилтот хүрэхэд ямар ажлууд хийх шаардлагатай байна вэ?

-Тамхины татварыг ес дахин нэмэгдүүлэх буюу нэг хайрцаг тамхины үнийг 10 мянган төгрөг хүргэж байж хэрэглээг бууруулан энэ зорилтод хүрэх боломжтой болох юм. Ингэхдээ тамхины татварыг аажим аажмаар бус огцом нэмэх арга хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Тамхины татварыг нэмэгдүүлснээр 2025 онд улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөг орох боломжтой гэсэн тооцоолол байдаг.

Улсын төсөв нэмэгдсэнээр нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломжууд нэмэгдэж байдаг. Манай улс ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдсанаар импортын тамхины татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс нэмэгдүүлсэн бөгөөд онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс жилд 10 хувиар нэмэгдэхээр болсон нь сайн хэрэг.

-Тамхины хууль бус нийлүүлэлтийн судалгааг ямар аргаар явуулдаг юм бэ?

-Бид нийслэлийн 51 хороо, Дорнод, Баян-Өлгий аймгийг сонгон авч судалгаагаа явуулж байна. Тамхины хайрцгууд дээр татварын тэмдэглэгээ байна уу, Монголд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн мөн эсэхийг мөн хардаг.

-Манай эрүүл мэндийн салбарт энэ төрлийн судалгааны ажлууд хэр явагддаг вэ.  Судалгаа чухал гэж ярих атлаа төдийлөн сайн хийгддэггүй л юм шиг санагддаг?

-Эрүүл мэнд бол тэр чигтээ судалгаа, нотолгоо байдаг. Түүн дээр тулгуурлан шийдвэр гаргаж, үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Бидний хувьд ямар ч гэсэн нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад салбартаа дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.  Удахгүй гурав  дахь судалгааны ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна.

Зураг