Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын NTM шоунд гэрэл зурагчнаар ажилласан Сингапурын иргэнд Арабчууд нэг жил хорих ял оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Фадлигийн сүүлийн сэлфи зураг

Mongolia’s Next Top Model телевизийн шоунд гэрэл зурагчнаар оролцож байсан Сингапурын иргэн Фадли Рахман нутаг нэгт өөр нэг хүний хамт Арабын Нэгдсэн Эмират улсад ажлаар зорчиж байгаад баривчлагдаж, тус тус нэг жилийн хорих ял авчээ.

26 настай загварын гэрэл зурагчныг эмэгтэй хүний хувцас өмсөж, биеэ зохисгүй авч явсан гэж буруутгасан байна. Түүнтэй хамт явсан 37 настай Нур Кистина Фитриах нь трансжендэр хүн бөгөөд хуулийн дагуу нэрээ солиулсан ч эмэгтэй болох мэс заслыг хийлгэж амжаагүй байгаа ажээ.

Энэ сарын эхээр Абу Дабид очсон тэдэнд наймдугаар сарын 20-нд ял оноосон байна. Эсрэг хүйстнийхээ хувцсыг өмсөх, ижил хүйстний харилцаа, трансжендэр зэрэг үзэгдэл нь АНЭУ-д гэмт хэрэгт тооцогддог юм.

Фадли хамгийн сүүлд наймдугаар сарын 9-нд Абу Дабид авсан сэлфигээ гэр бүлийнхэндээ илгээсэн байжээ.

Яллагдсан Сингапурын иргэд есдүгээр сарын 4-ний дотор давж заалдах боломжтой гэнэ. Одоогоор Сингапурын гадаад хэргийн яам иргэддээ хууль зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа бол Фадлигийн найз нөхөд, гэр бүлийнхэн өмгөөлөгч хөлслөх мөнгө цуглуулах аян (crowdfunding) өрнүүлэхээр бэлдэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The New Paper Singapore