Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Гадаад Хэргийн туслах сайдтай Гашуунсухайтад үүссэн машины дарааллыг шуурхай шийдвэрлэх талаар ярилцжээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны яамнаас наймдугаар сард гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мэдээллийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өглөө.

БНХАУ-ын Гадаад Хэргийн туслах сайд Кун Сюаньюгийн айлчлал

Наймдугаар сарын 9-11-ний хооронд БНХАУ-ын Гадаад Хэргийн туслах сайд Кун Сюанью Монгол Улсад айлчилсан. Айлчлалын үеэр хоёр орны стратегийн яриа хэлэлцээний гурав дахь уулзалтыг зохион байгуулсан байна.

Тэрээр Монгол Улсын Гадаад Харилцааны Төрийн нарийн бичгийн даргатай стратегийн талаар уулзалт хийсэн бөгөөд Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон улс төрийн намуудтай хоёр талын уулзалт хийжээ.

Энэхүү уулзалт нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын ирээдүйн зорилтыг тодорхойлох ач холбогдолтой байдаг талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн танилцууллаа.

БНХАУ-ын Гадаад Хэргийн туслах сайд  Кун Сюаньюгийн айлчлалын үеэр яригдсан гол асуудлууд:

  • Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 2020 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум ам. долларт хүргэх,
  • 1,000 айлын орон сууц барих замаар гэр хорооллыг орон сууцжуулах,
  • Гашуунсухайт хилийн боомтод үүссэн автомашины дарааллыг шуурхай шийдвэрлэх, хоёр талын зарим боомтуудыг олон улсын статустай болгох,
  • Хоёр талын зарим хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг батлах,
  • Мөн МОНГОЛ-БНХАУ-ОХУ эдийн засгийн коридор хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн түвшний уулзалтыг энэ сарын сүүлээр хийхээр тохиролцсон байна.
"Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-оргил Москва хотод ажиллалаа"
 
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцсон талаар энэ үеэр мэдээллэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 21 дүгээр хуралдааныг 2017 оны аравдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар тохиролцож, ЗГХК-ын салбар комиссууд, тухайлбал, хөдөө аж ахуй, газрын хэвлий, хүрээлэн буй орчин, тээвэр, бүс нутгийн дэд комисс болон бусад ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж, 21 дүгээр хуралдааныг бодит ажил, хүрсэн үр дүнтэй угтах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэж тохиролцсон байна.

Мөн 20 дугаар хуралдааны хэрэгжилт сайн явж байгааг тэмдэглэж, энэ оны IV улиралд багтан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-д хийх ажлын айлчлал болон Дорнын эдийн засгийн форумд оролцох бэлтгэлийн талаар ярилцаж, айлчлалын үеэр хэлэлцэх асуудал, байгуулах баримт бичгийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болсон аж.

ОХУ-ын Гадаад Хэргийн сайд И.Моргуловтой зөвлөлдөх уулзалт хийжээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 22-нд ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Игорь Моргулов Монгол Улсад айлчилж байна. Энэ үеэр Гадаад Харилцааны төрийн нарийн бичгийн даргатай зөвлөлдөх уулзалтыг хийсэн байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр яригдсан асуудлууд:

  • Монгол Улсын уламжлалт сайн хөршийн харилцаа хамтын ажиллагааг урагшлуулах
  • Монгол-ОХУ хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • ОХУ-д болох Дорнын эдийн засаг уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын бэлтгэл ажлын талаар тус тус санал солилцсон байна.