Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Импортоор орж ирж байгаа машинуудыг МАРГААШААС Авто худалдааны цогцолборт бүртгэнэ"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Авто худалдааны цогцолбор маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс тогтмол ажиллаж эхлэх гэж байгаатай холбогдуулан, үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон "Нийслэлд авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаа явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх гэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг.

Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулаад нийслэлд импортоор оруулж ирж байгаа автомашинуудыг 24-ний өдрөөс эхлэн Авто худалдааны цогцолборт бүртгэх шийдвэр гарсан.

Шинээр тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, мөн шинэ машин оруулж ирж зарах гэж буй иргэд маань тус цогцолборт очиж үйлчилгээгээ авна" гэлээ.

Мөн тус цогцолборт худалдаа эрхлэх хүсэлтэй бизнес эрхлэгчид аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөргүйгээр машинаа байрлуулах боломжтой.

Ингэснээр түрүүлж ирсэн иргэд ашигтай байрлал, талбайгаа өөрсдөө сонгох боломж бүрдэж байгаа юм.

Цаашид авто машинуудыг шууд тээвэрлэн буулгах нөхцлийг судалж байгаа бөгөөд дараа жилээс тус ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Мөн бизнес эрхлэгчдийн дунд авто тээврийн цогцолборт машинаа хэрхэн зөөх вэ гэх асуудал тулгардаг. Энэ тал дээр замын цагдаагийн газартай хамтран импортоор орж ирсэн машин буюу улсын дугаар аваагүй тээврийн хэрэгслийн явах маршрутыг гаргасан байна. 

Энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд 10:00 - 16:00 цагийн хооронд БЗД-ээс ирж буй машинууд Уулын замыг сонгож явах, БГД болон бусад дүүргээр явах гэж буй жолооч нар Нарны гүүр, Яармагийн зам, Сонсголон, Авто худалдааны цогцолбор гэсэн маршрутаар явах юм. Маршрутын талаар тодруулах бол Замын Цагдаагийн Албаны 93021124, 93020111 дугаараас лавлах боломжтой.
Иргэдэд нэг дор бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа 
 
Гэрэл зургийг mpa.mn

Авто худалдааны цогцолборын орлогч дарга Ц.Гүрбадам "Авто худалдааны цогцолбор нь 6,375 зогсоолтой. Үүнээс 1,200 нь эзэддээ оччихсон байгаа.

Улаанбаатар хотод авто машин, сэлбэгийн худалдаа хийдэг есөн зах, 102 цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрыг нэгтгэж, нэг цогцолборт төвлөрүүлэх нь олон давуу талтай.

Авто цогцолборт машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт шаардлагатай бүх газрууд бий. Тэгэхээр иргэдэд нэг дор бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм" гэлээ.