Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар үерт урсахад бэлэн болжээ, Хотын дарга аа!

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 8 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Муу ёрлож байгаа юм биш л дээ. Гэхдээ сүүлийн хэд хоног нийслэлд бороо орлоо. Цаашид ч усархаг бороо үргэлжлэн орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ байна.

Энэ нь нийслэлчүүдийн хувьд тийм ч таатай мэдээлэл биш.  Дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хот үер усанд өртөх хамгийн эрсдэлтэй бүсэд багтдаг.

Усархаг бороо удаан үргэлжилбэл Тасганы овоо, Чингэлтэй, Сонгинохайрхан  уулын ус бууж, хот усанд автах аюул ойрхон байгаа. Ер нь үер усны аюулын талаар  салбарын мэргэжилтнүүд жилийн жилд ярьдаг, мэдээлдэг.  Гэсэн ч үе үеийн Хотын дарга нар энэ асуудлыг тоож, тооцоолдоггүй.  

Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, нийслэлээ аюулгүй хот болгох талаар ярьж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч биеллээ олоогүй нь сүүлийн хэдэн удаагийн бага хэмжээний үерээс харагдаж, муу дүн тавиулсан. Тэгэхээр ниргэсэн хойно нь хашхирах биш болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх цаг ирснийг Хотын даргад сануулмаар байна. Нийслэлд үер болбол усанд автах эрсдэлтэй бүс олон бий. Хотыг чиглэсэн нүүдэл тасрахгүй байгаагаас орон нутгийн иргэд үерийн ам, гуу жалган дээр гэрээ барих нь элбэг болсон.

 

Энэ оны эхээр гэхэд л үерийн аман дээр 2,507 айл амьдарч байгааг албаныхан мэдээлсэн. Тэдний 1,700 гаруй нь газар эзэмших, өмчлөх зөвшөөрөлгүй юм. Уг нь тэдэнд чиглэсэн ажиллагаа жил бүрийн хавраас эхэлдэг. Хотын захиргаанаас нүүх шаардлага хүргүүлдэг ч газар үнэд орсон цагт иргэд хаашаа очих нь бүрхэг.

Тэнд байгаа айлууд үерт автвал хохь чинь гээд л суух уу. Үерийн аман дээр зөвхөн орон гэрээр ч биш орон сууцны хорооллоороо амьдарч байгаа олон айл байгаа юм. Их Тэнгэрийн амнаас Яармагийн гүүр хүртэлх зайд л гэхэд орон сууцны найман том хороолол босжээ. Үүнээс гадна олон хороолол уулын ам даган сүндэрлэж байна. Голын голдрилыг өөрчилж, уулын амыг хааж босгосон хорооллууд гол усны аюулд өртөх эрсдэлтэйг албаны хүмүүс хэлж буй.

Хэлж сануулж эсэргүүцсээр байтал орон сууц барих зөвшөөрлийг нь өгчихдөг хотын удирдлагуудтай, төлөвлөлт гэж үгүй, эмх замбараагүй ийм л хотын иргэд билээ бид. Мөн үерийн аюулаас хамгаалах гол зүйл нь далан суваг, борооны ус зайлуулах байгууламж юм. Гэвч 1966 оны үерээс хойш баригдсан далан сувгийн байгууламж одоо хэр нь нэмэгдээгүйг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж байна. Тэр үед Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос гурав дахин бага, хотын нягтрал ч бага байлаа.

 

Харин одоо нийслэл 1.3 сая хүн амтай, уулын ам, далан шуудуу дагасан гэр хорооллын төвлөрөл ихтэй болсон. Тэгэхээр даац хүрэлцээ нь аль хэдийнээ хэтэрсэн учраас нийслэлийн иргэд үерийн далан, ус зайлуулах байгууламж зэрэгт найдаж суух аргагүй болж байна. 2015 онд гаргасан Үерийн эрсдэлийн менежментийн судалгаагаар Улаанбаатарт 1966 оных шиг их  хэмжээний үер одоо болбол 80 сая ам.долларын эдийн засгийн хохирол учирна гэсэн дүн гарчээ.

Үерийн онц аюултай бүсэд 200 мянган иргэн, орон сууцны 600 барилга, 31 мянган гэр, 190 сургууль, цэцэрлэг болон эмнэлэг байрлаж байна. Сэлбэ голын дунд хэсэгт байдаг өндөр хүчдэлийн станц зэрэг дэд бүтцийн томоохон байгууламж ч үерийн бүсэд бий.  Энэ нь үер нүүрлэвэл тухайн хэсэг үерт автаж, нийслэлийн тэр чигээрээ эрчим хүчгүй болно гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд хотын удирдлагууд гагцхүү тэнгэр хангайд л  итгэж суусан хэрэг.

Харин энэ жил байдал арай өөр байгааг хэд хоног үргэлжлэн орсон бороо харуулж байна. Одоогоор хот захаасаа үерт автаж эхлээд байна. Гэр хорооллын зарим айлын хашаа хороо усанд автаж, Туул голын төвшин нэмэгдсэн, саяхан гэхэд Сонгинохайрхан дүүрэгт хоёр хүүхэд нэг том хүн үерт амиа алдсан хэрэг гарсан. Ерөнхийдөө одоогийн энэ цаг үед Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал нь үер усны аюул болоод байна.

Гэсэн ч хотын удирдлагууд баруун зүүн эргэхгүй байх автозамын зохицуулалт, сургуулийн шинэ жилийн бэлтгэл ажил зэрэгтэй зууралдаад энэ талаар нэг үг, өгүүлбэр дуугарахгүй байгаа.  Хэрэв үер усны аюул болбол жирийн иргэд, албан байгууллагууд эд материал, эрүүл мэнд амь насаараа хохирно. Тэдний өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй. Нэг талаараа муу ёрлож байгаа ч юм шиг.  

Гэхдээ амьдрал ахуй хэцүү, эдийн засгийн байдал сэргэмээр аядаж байгаа энэ үед бид болзошгүй аюулаас сэргийлэх нь зүйтэй.  Цаг уурчид нэгэнтээ “Улаанбаатарт гурван өдөр бороо зүсэрч орвол их хэмжээний үер буух магадлал өндөр” гэдгийг хэлчихсэн байгаа.  Гэтэл ойрын хэд хоног бороо шавшиж байна. Цаг агаарын мэдээллээс харахад цаашид ч орохоор байна. Тэгэхээр хамгаалах далан, үерийн ус зайлуулах байгууламж багатай нийслэл маань үерт урсаж л таарах уу. Хотын дарга аа.

Зураг