Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тамгын газрынхан хаачив?!

А.Алиман
2017 оны 8 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

-Энэ удаад Ерөнхийлөгч маань өөрийн дор ажиллаж буй Тамгын газрынхаа нөөц бололцоонд итгэсэнгүйдээ юу, эсвэл хүч нэмэх гэсэндээ юу асуудал нэг бүрээр орон тооны бус зөвлөхүүд томилчихлоо. Тэдгээр зөвлөхүүдийн хамрах асуудлыг нэг бүрчлэн задалж харвал Тамгын газрын хэн нэг мэргэжилтэн өлхөн хариуцаад явж ирсэн байхаар харагдаж байгаа нь ч нууц биш-

Ажил хэрэгч имижээр өөрийгөө тодотгож эхэлсэн Ерөнхийлөгч өчигдөр хоёр тусдаа захирамж гаргаж, орон тооны нэг зөвлөх, орон тооны бус 16 зөвлөхийг нэг дор томиллоо. Төдийлөн удаагүй байгаа Ерөнхийлөгчийн дээрх шийдвэрээс түүний анхаарал хаана,ямар асуудалд төвлөрч буйг анзаарч болохуйц.

Тодруулбал, Гааль татвар, жижиг дунд үйлдвэрлэл, бас дахин жижиг, дунд үйлдвэрлэл /ийн хэлэхийн учир нь уг асуудалд хоёр ч хүнийг томилжээ/ гэр хорооллын барилгажилт, ядуурал, хөдөлмөр эрхлэлт, эм, хүнс, ус, үндэсний аж үйлдвэр, хүмүүнлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучууд, монгол судлал, кино урлаг, бас дахин кино урлаг /учир нь мөн л хоёр хүн томилжээ/ гэсэн олон асуудлыг орон тооны бус зөвлөхүүдэд хамааруулжээ.

Чимхлүүр олон асуудал руу анхаарлаа хандуулах нь буруу биш боловч өмнөх Ерөнхийлөгч нарын үед тогтсон жишгээс давсан үйлдэл байснаараа тэр дороо л сошиал сүлжээнд шүүмж, егөө дагуулж буйг харж болно.

Тэдгээр асуудлыг харьяалах орон тооны бус зөвлөхүүд нь чухам хэн байхаас үл хамаараад аль ч цаг үед Ерөнхийлөгч ийм олон зөвлөхтэй байгаагүй учраас олны анхаарлыг татсан хэрэг. Уг нь анхны Ерөнхийлөгч маань дэргэдээ харь гаригийнхантай холбоо тогтоогч үзмэрчтэй байсныг санавал хэтэрхий олондсон уу л гэхээс хамарсан асуудал дунд нь хэрэггүй сэдэв алга.

Түүх сөхвөл Н.Багабанди гуайн үеэс эмэгтэйчүүдийн, залуучуудын, үйлдвэрчний эвлэлийн гэх мэт нийгмийн тодорхой салбар хамарсан орон тооны бус зөвлөхүүд ажиллаж эхэлсэн жишиг байх бөгөөд энэ нь саяхныг хүртэл уламжлагдаж иржээ. Энэ нь нийгмийн гишүүдийг сегментчилсэн хэлбэртэй, тэдгээрт дуу хоолойг хүргэж, дунд нь ажиллах гүүртэй болох зорилгыг агуулж байсан бололтой.

Харин энэ удаагийн орон тооны бус зөвлөхүүдийн онцлог нь нийгмийн гишүүдийг биш нийгмийн асуудал бүрийг жижигчлэн хуваасан хэлбэр, бүтэцтэй байгаагаараа ялгаатай. Орон тооны бус зөвлөхүүд Төрийн ордон руу болон өөр бас бус газарт саадгүй нэвтрэх улаан үнэмлэх эзэмшдэг жишиг харин хэвээр болов уу.

С.Баяр хэмээх улстөрчийг Тамгын газрын дарга байх үеэс буюу Н.Багабанди Ерөнхийлөгчийн хоёр ч бүрэн эрхийн хугацаанд эл институцийн бүтэц 42-46 хүний орон тоотой ажиллаж байсныг дараад нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч хэвээр уламжлан авч, бүтэц орон тоог өөрчлөөгүй төдийгүй халаа сэлгээ төдийлөн оруулалгүй хадгалан ажиллажээ. Харин дараагийн Ерөнхийлөгчийн үед Тамгын газрын орон тоо нэлээдгүй нэмэгдэж, 70 давсан гэх тоо байна.

Товчхондоо бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар мэргэшсэн судлаач эрдэмтэн, референтүүд бүхий төрийн нэгээхэн аппарат дээрх байдлаар төлөвшиж, тэлж, хөгжиж иржээ. Засаглалын зарчим, залгамж халаа гээд яривал өнөөдрийн Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүн чамлагдахаар чадварлаг боловсон хүчинтэй, бүхэл бүтэн биеэ даасан институци гэж хэлэхтэй хэн ч маргахгүй байх.

Харин энэ удаад Ерөнхийлөгч маань өөрийн дор ажиллаж буй Тамгын газрынхаа нөөц бололцоонд итгэсэнгүйдээ юу, эсвэл хүч нэмэх гэсэндээ юу асуудал нэг бүрээр орон тооны бус зөвлөхүүд томилчихлоо. Тэдгээр зөвлөхүүдийн хамрах асуудлыг нэг бүрчлэн задалж харвал Тамгын газрын хэн нэг мэргэжилтэн өлхөн хариуцаад явж ирсэн байхаар харагдаж байгаа нь ч нууц биш.

Түүнээс гадна төрийн бодлого, шийдвэрийн түвшинд яригдаж буй асуудлаар тооцоо, судалгааг нь зангидаж ирсэн Тамгын газрын мэргэжилтнүүд төрийн албан хаагчийн хувьд нууцыг хадгалах, түүнтэй харьцах хэм хэмжээтэй байдаг бол орон тооны бус зөвлөхүүдэд тийм хариуцлага, хязгаар байх эсэх нь тодорхойгүй. Орон тооны бус гэдэг тодотголын нэр хүнд унасаар сайн дурынхан гэдгээс нэг их ялгаагүй сонсогдох болсныг ч бас анзаарах ёстой болов уу.

Тийм ч учраас Ардчилсан намын харьяалалтай ажил, албагүй болсон бөөн дурын баахан уран сайханчдаар баг бүрдүүлээд байгаа нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд нэмэх оноо авчрахгүй үйлдэл гэдгийг “шахаа” хийж буй намынханд нь сануулахад илүүдэхгүй биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

Чулуунбаатарын Чулуунцэцэг - Багшийн хөгжлийн асуудал хариуцсан 
Очирбатын Амгаланбаатар - Гааль, татварын асуудал хариуцсан 
Чулуунбаатарын Ганбат - Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан 
Самбуудоржийн Пүрэвсүрэн - Хүмүүнлэгийн асуудал хариуцсан 
Цогтжаргалын Ууганбаяр - Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан 
Шагдарын Батцэцэг - Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан 
Лувсангийн Эрдэнэчимэг - Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан
Даньдиагийн Жаргалсайхан - Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан
Сампилдондовын Чулуун - Монгол судлалын асуудал хариуцсан 
Цэнджавын Чинбат - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан 
Цэдэнгийн Сосорбарам - Усны асуудал хариуцсан 
Бат-Өлзийн Баатар - Кино урлагийн асуудал хариуцсан 
Ням-Очирын Лхагвадорж - Оюутны хөгжлийн асуудал хариуцсан 
Сүхбаатарын Дэмчиг - Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан 
Нарангэрэлийн Оргил - Кино урлагийн асуудал хариуцсан 
Лувсандоржийн Баян-Алтай - Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан

Ерөнхийлөгчийн зөвлөх

Даваахүүгийн Пүрэвдаваа - Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх

Зураг