Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Зориглон: Хотод минь амьдардаг бүх хүн инээмсэглэн, аз жаргалыг түгээдэг байгаасай

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 28
iKon.MN
 

Их хотын залуусын төлөөлөл болсон иргэн Ц.Зориглонтой хотын соёлын тухай ярилцлаа.

- Та бол хотын залуусын төлөөлөл. Энэ утгаараа хотын соёлыг юу гэж боддог вэ?

- Хотын соёлыг нэг үгээр хэлбэл хариуцлага. Нэг хүн хариуцлагатай байвал, нөгөө хүн нь аз жаргалтай болдог. Энэ бол хотын соёл. Ганц ч болов хүн гудамжаар хог хаяхгүй явахад, дараа нь явж байгаа хүн хог хаягдалгүй цэвэрхэн гудамжинд алхана шүү дээ.

- Бид соёлтой, соёлгүй иргэн гэж ярьдаг. Үүний гол ялгаа нь юу вэ. Асар том үйлдэл дээр харагддаг уу, эсвэл энгийн зүйлс дээр харагддаг уу. Энэ талаарх таны бодол?

- Соёлтой, соёлгүй гэх иргэдийн ялгаа нь маш энгийн, жижиг зүйлсээр илэрдэг. Замын хөдөлгөөнд оролцохдоо улаан гэрлээр явахгүй байх, гудамжинд шүлсээ хаяхгүй байх гэх мэт өдөр тутмын энгийн зүйлс дээр л хүн соёлтой, эсвэл соёлгүй гэдгээ харуулдаг.

Соёлтой иргэн гэдэг нь өөрийн ухамсраа ойлгож, хариуцлагатай байж бусад хүмүүст тав тухгүй байдал үзүүлдэггүй хүнийг хэлнэ.

- Сүүлийн үед хүмүүс “орк” гэж ярих болсон. Дийлэнх нь хөдөөнөөс дөнгөж орж ирсэн хүмүүсийг нэрлэдэг. Гэхдээ нөгөө талаар хотын бид ч хөдөө очихоороо хөдөөний ахуй амьдралын соёлыг мэдэхгүй, өөрсдөө нэг ёсны орк болчихдог шүү дээ.

- Би өөрөө “орк” гэдэг үгийг их ашигладаг. Гэхдээ энэ үгний утга нь хот, хөдөөний хүмүүсийг ялгаад байгаа юм биш.
Би саяхан өөрийн цахим хуудсандаа орк гэдэг үгийн утгыг тайлбарласан.

“Хаана төрж өссөнөөс үл хамааран, оршин байгаа тухайн газар орныхоо соёлд нэвтрэхгүй байгаа хүнийг орк гэнэ” гэж бичсэн. Тэгэхээр энэ ойлголт бол нэг ёсны тухайн амьдарч буй газрынхаа дүрэм, соёлыг хэр дагаж байгаагаас хамаарна.

“Усыг нь уувал ёсыг нь дага” гээд сайхан үг байдаг шүү дээ. Хүн хаана байна, тэр газрынхаа хууль дүрэм, соёлыг дагаад амьдрах ёстой гэж боддог.  Түүнээс биш хот, хөдөөгөөр нь ялгах зүйл байхгүй.

- Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Хот уруу ирэх хүмүүсийн урсгал ч нэмэгдэж, хот нэг хэсэгтээ хөл толгой нь олдохгүй болчихдог.

-Ардчилсан хувьсгал гарч, зохион байгуулалт буруу явагдаж эхэлснээс болж хөдөө ажиллаж, амьдарч байсан хүмүүс аргагүйн эрхэнд хот уруу суурьшиж эхэлсэн. Түүнээс хойш хотыг зорих хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа.

Одоо есдүгээр сараас хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирээд сурч, амьдрахаар болно. Тэгэхээр оюутнуудын хичээлийн хөтөлбөрт хотын соёлын талаар эхнээс нь зааж, сургах ёстой. Энэ бол ичмээр зүйл биш.

Гадаадын их дээд сургуулиудад олон орноос хүмүүс ирж суралцдаг. Би гадаадад сурч байсан л даа. Тэр үед бүх оюутнуудад тухайн орны соёлыг зааж өгдөг байсан.

Их сургуулийн 10 оюутантай ангид тухайн нутгийн уугуул нэг оюутан байх жишээтэй.  Тэр оюутан нь ангийнхныгаа дагуулж хот үзүүлж, хотын соёлыг эхнээс нь эхлүүлэн зааж өгдөг.

Бид яагаад үүн шиг эхнээс нь зааж өгч болохгүй гэж. Дөнгөж хотод ирж байгаа хүүхдүүд муудаа биш, анхнаасаа хотын соёлыг сайн мэдэхгүй учраас бусдад онцгүй сэтгэгдэл төрүүлж байгаа шүү дээ.

Хот гэдэг үнэ цэнэтэй байх ёстой

 

- Хотын соёлтой иргэн байх нь гэр бүлээс их хамаардаг гэж ярьдаг. Хотын ирээдүй гэвэл хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил хотын соёлд нөлөөлдөг эсэхийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?

- 60-аад насны хүмүүсийг би их хотожсон гэж боддог. Өчигдөрхөн найзтайгаа хогийн савны хажууд тамхилаад зогсож байтал, нэг өвөө хүрч ирээд тамхиныхаа ишийг хогийн саванд хийж байсан.

Тэгэхэд цаана 20 гарсан залуучууд шууд газар хаяж байх жишээтэй. Тэгэхээр өссөн орчин, гэр бүлийн байдал хүнд шууд нөлөөлж байгаа юм.

Миний таньдаг нэг ах байдаг. Залуу байхад нь аав нь их том дарга байсан. Одоо өөрөө нэлээд уудаг бараг гудамжинд амьдардаг шахуу. Гэтэл тэр хүн хэдий гудамжинд гарсан ч, хогоо байнга хогийн саванд хаядаг.

Харин боловсролтой, том машинтай хослол өмссөн хүмүүс хүүхдийнхээ дэргэд хог хаяж байдаг. Суурь хүмүүжил ямар чухал вэ гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Соёл бол ирээдүй. Хот гэдэг үнэ цэнэтэй байх ёстой.

-Таны бодлоор хүүхдээ их хотын зөв иргэн болгож өсгөхийн тулд гэр бүлийн зүгээс юу хийх шаардлагатай вэ?

- Хүүхдэд багаас нь хотын соёлын талаар анхан шатны мэдэгдэхүүн өгөх ёстой. Намайг бага байхад аав минь хогоо заавал хогийн саванд хая гэж хэлдэг байсан.

Тийм тулдаа өнөөдөр би гудамжинд хог хаядаггүй. Тэгэхээр хүүхдээ ирээдүйд ямар иргэн болгохыг хүсч байна, та өөрөө тийм байх ёстой.

 

-Та хотын соёлыг хариуцлагатай иргэн бүтээлцдэг гэсэн. Соёлыг түгээхийн тулд та өөрийнхөө зүгээс ямар ажил хийж байна вэ?

- Би эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөх гэж их хичээдэг. Боломж гарвал байнга л цэвэр хотод, хог хаяхгүй амьдрахыг уриалж байдаг.

Одоо найзууд дунд маань тамхиныхаа ишийг цонхоор хаядаг хүн байхгүй болсон. Мөн байрныхан маань орцны үүдэнд, талбайд нохойгоо бие засуулдаггүй болсон гэх мэт өөрчлөлтүүд байна.

Жижиг зүйлээс эхлэн өөрчлөлтийг хийж, бусдад үргэлж нөлөөлөх хэрэгтэй.

Манай “Азтай савар” амьтанд хайртай залуусын ТББ фейсбүүк хуудсаар дамжуулж амьтанд хайртай залуустай цуг гэмтэж бэртсэн нохойг эдгээх, золбин нохойг эзэнтэй болгох зэрэг ажлыг хийдэг. Энэ ч бас хотын соёлд оруулж буй том нэмэр гэж боддог.

Сүүлийн 27 жил нохой буудаж байна. 2011-2016 оны хооронд хийсэн судалгаанаас үзэхэд дөрвөн тэрбум төгрөгөөр нохой буудсан байгаа юм.

Нохой буудах зардал жил болгон нэмэгдсээр л байна. Энэ их мөнгийг бүтээн байгуулалт, мод тарих, цэцэрлэгжүүлэлт гэх мэтээр хотын үзэмжид анхаарах боломж байсан. Гэвч зүгээр л нохой устгахад зориулж байна.

Харин манай байгууллагаас санал болгож байгаа спей буюу эм нохойн үржлийг зогсоовол санхүү төсвийн хувьд ч хэмнэх, мөн өөр олон ашигтай талууд бий.

Мөн жилд 80,000 гаруй нохой бууддаг гэх тоо бий. Буудсан нохойнуудаа “Цагаан даваа”-ны хогийн цэгт хаяж, газарт булдаг. Үүнээс үүдэж хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч байна.
Тэгэхээр энэ асуудал мөн хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байгаа юм.      

Энэ удаа Нийслэлийн шинэ удирдлага бидний хөтөлбөрийг дэмжиж Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт туршилтын журмаар спей тавиулахаар болсон.

Цаашдаа ч олон хүмүүс нохойгоо хамруулна гэж бодож байна. Энэ асуудалд хүний хариуцлага л хамгийн чухал.

Өөрийнхөө төлөө ч болов хотоо цэвэрхэн байлгах ёстой

 

- Хотыг маань чимдэг дэгжин залуус олон бий. Гэвч өөрсдийгөө л гоёж гоодон, хувцасладаг хирнээ гудамжинд хог, эсвэл шүлсээ хаяж болохгүйг мэддэггүй. Энэ байдал хамгийн эмгэнэлтэй санагддаг.

- Ганган охид, залуучууд гудамжинд хог хаяж байгаатай их таардаг. Хот гэдэг бидний гангарах ёстой газар шүү дээ. Хэрвээ сайхан хот байхгүй бол хэт гангалаад яах юм бэ.

Би гадуур явж байхдаа ийм тохиолдлуудтай олон таардаг. Нэг удаа хоёр хос болзож байхыг харлаа. Охин нь идсэн зайрмагныхаа хогийг босож яваад хогийн саванд хаячих юм. Харин залуу нь тамхиныхаа ишийг шууд газар хаячихсан.

Би үүнийг хөндлөнгөөс хараад тэр хоёрын ирээдүйд үнэхээр эргэлзэж, санаа зовж эхэлсэн. Ийм жижиг зүйл дээр хүртэл тоомжиргүй хандаж байгаа хүн том зүйл дээр нухацтай байж чадна гэж үү?

- Бидний үеийг техник, технологийн эрин гэж нэрлэдэг. Тиймдээ ч компьютер, программ асар хурдацтай хөгжиж байна. Дэлхий, улс орон нүд ирмэхийн зуур, тогтмол хөгжиж байгаа ч хүмүүсийн ухамсар, сэтгэл бага багаар уруудсаар байгааг эрдэмтэд ярьж байсан.

- Яг тийм. Бага багаар муудсаар л байна. Мундаг боловсролтой, хослол өмссөн залуус үнэтэй машинаас бууж ирээд л юу ч болоогүй мэт хог хаячхаад явдаг. Боловсролтой мундаг гэж ярьдаг залуус ийм үйлдэл хийгээд эхлэхээр бусад нь ойлгомжтой биз дээ.

Хаа тааралдсан газраа хогоо хаяж, орц, лифтэнд үлдээчихдэг. Тэр хог нь өмхийрч, муудаад өөрийнх нь амьдарч буй орчныг бохирдуулж байгаад санаа зовсон ч шинжгүй байдаг. Яг л бусдын өмнөөс амьдарч байгаа мэт...

- Сүүлийн үед гудамжинд явж байхдаа тоохгүй хогоо хаяж байгаа хүмүүсийг хараад манайхан ч энэ байдалтайгаа эвлэрч, эмзэглэхээ больчихжээ гэсэн бодол төрсөн.

- Хөдөө амралт зугаалгаар голын эрэг дээр очиход дүүрэн хогтой газрыг тоохгүй амардаг болсон байна. Ядаж өөрөө амьдарна гэж бодоод өөрийнхөө төлөө ч болов хотоо цэвэрхэн байлгах ёстой шүү дээ. Гэтэл үүнд анхаарахаа нэгэнт больж.

Сая зөрчлийн тухай хууль гарахад би их баярласан. Гудамжинд шүлсээ хаявал 50,000 төгрөгөөр торгоно гээд. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт даан ч сул байна.  Хуулийг илүү чангатгамаар байна.

Нэг хэсэг аюулгүйн бүсээ зүүхгүйгээр хөдөлгөөнд оролцсон жолоочдыг хатуу торгосон шүү дээ. Тэр үед хууль чанга байж, олон хүнийг торгосон нь жолоочдыг аюулгүй бүсээ тогтмол зүүдэг болтол хэвшүүлж чадсан. Тиймээс эхний ээлжид хуулиудаа илүү чанга болгомоор санагдсан.

Бас хүмүүс хотын соёл цэвэр цэмцгэр байдлыг жижиг асуудал мэт хүлээж авч байна. Гэвч энэ нь цаашлаад улсын эдийн засаг, аял жуулчлал хөрөнгө оруулалт гээд маш том үр дагавар, боломжийг дагуулж байгаа юм. Иргэд үүнийг ирээдүйтэйгээ холбон ойлгож, ухамсарлах хэрэгтэй.

Өөрт тань тухгүй санагддаг зүйлээ л битгий хий

 

- Хотын соёлыг түгээхийг хүссэн тантай адилхан залуус олон бий. Тэд хамтдаа нэгдэн, бусдыгаа уриалж шаардлага тавьдаг. Гэвч шаардлагыг нь хүлээж авдаг хүн маш цөөхөн. Ардчилсан нийгэмд амьдарч буй хүн юу дуртайгаа чөлөөтэй хийж болно, бүгд хувь хүний эрх чөлөө гэж буруу ойлгоод явдаг хүн олон байх шиг.

- Ардчилсан нийгэмд нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг сайн ойлгодоггүй бололтой. Шөнө орой байрны гадаа согтуу орилолдож, олон нийтийн газар байж боломгүй үйлдэл гаргадаг. Үүнийх нь хариуд шаардлага тавихаар эрх чөлөө, ардчилал гэж ярьдаг. Энэ бол хамгийн буруу. Хүн болгон хариуцлагатай хандаж, бусдадаа нөлөө үзүүлдэг болмоор байна.

- Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.

- Хотын соёлыг түгээж, бусдад мэдээлэл өгөхийн тулд хүмүүс над шиг ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Сүүлийн үед томоохон аж ахуйн нэгж компаниуд, тэр дундаа Юнител групп энэ талаар нийгэм олон нийт рүү хандаж дуугарч, түүчээлж байгаад баяртай байна.

Тиймээс бусад байгууллагууд ч бас энэ ажлыг үргэлжлүүлээсэй гэж хүсэх байна. Нэгэнт л маркетинг, сурталчилгаандаа тодорхой хэмжээний төсөв гаргаж байгаа учраас нийгэмдээ хандсан мессэж хүргэж ажиллахад буруудах зүйл байхгүй болов уу? 

Харин залуу үеийнхэн, эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, өөрт тань тухгүй, муухай санагддаг зүйлээ л битгий хийгээрэй. Үүнийг ирээдүй болох хүүхдэдээ зааж сургах хэрэгтэй.

Гудамжинд хаячихсан байгаа хог муухай харагддаг бол та хог битгий хая. Шүлсэн дээр гишгээд гутлаа муухай болгож байсан бол өөрөө шүлсээ битгий хая.

Сандал дээр суутал, таны өмдөнд бохь наалдаж байсан бол та өөрөө бохио хаа хамаагүй хаяж, наахаа больчих. Дахиад хэлье өөрт тань онцгүй санагддаг зүйлээ бүү хий.

Улаанбаатар хотод минь амьдардаг бүх хүн гудамжаар зөрөхдөө инээмсэглэл тодруулан, бие биедээ аз жаргалыг түгээдэг байгаасай гэж хүсч байна.