Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Такабаяаши Фукутоши: Хүүхдийг дуртай зүйлсээр нь хөгжүүлэн чиглүүлэх хамгийн чухал

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Ерөнхий боловсролын Номт наран сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Такабаяаши Фукутошитай Япон-Монголын хамтарсан сургалтын талаар ярилцлаа.

- Сайн байна уу та бидэнд өөрийг танилцуулаач, танай сургууль Япон-Монголын хамтарсан сургалттай гэхээр их сонирхолтой санагдаж байна?

- Сайн байна уу, би ерөнхий боловсролын Номт наран сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Такабаяаши Фукутоши байна. Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би энэ сургуулийн урилгаар 5 жилийн өмнө анх монголд япон хэлний багшаар ирж байлаа.

Тэр үеийн миний анхны сэтгэгдэл одоог хүртэл хэвээр хадгалагддаг. Энэ бол хүүхэд бүрийг зорилготой болгож түүнд нь хүргэхийн төлөө баг хамт олноороо нэгдэн ажиллаж буй чин сэтгэл юм. Ийм хөдөлмөрийн үр дүнд бидний ирээдүй улам гэрэлтэйгээр тодорно гэдэгтэй бүгд санал нийлэх байх.

- Та энэ сургуулийн хүмүүжлийн эрхлэгч гэхээр танай сургууль хүүхдийн хүмүүжил төлөвшилтөд их анхаардаг юм шиг санагдлаа. Ер нь япон монгол хүүхдүүдийн хүмүүжлийн ялгаа, танай хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулаач?

- Тийм ээ та зөв ойлгож байна, сургуулийн эрхэм зорилгод Хос хэлний мэдлэг, Хариуцлага, Харилцааны соёл гэсэн 3 үндсэн зүйл заагдсан байдаг. Манай сургуулийн бодлого, үйл ажиллагааны зорилт бүр “Зөв монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, мэдээж дурдаад байвал япон монгол хүүхдүүд хоорондын соёлын ялгаа их бий.

Өнөөдөр бид япон хүмүүжилтэй баахан хүүхдүүд бэлтгээд байна гэж ойлгож болохгүй. Монгол хүүхэд монголоороо л байх ёстой. Уламжлалт ёс заншлаа дээдэлдэг, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг байхын зэрэгцээ хувийн зохион байгуулалт, багаар ажиллах арга барил зэрэг олон зүйлд суралцах хэрэгтэй.

Манай сургуулийн хүмүүжлийн ажил өглөө сургуульдаа ирээд мэндлэх хүндлэх ёсноос эхэлдэг, товчхондоо бид япон хүмүүжлийн зарим арга барилыг монгол хэв маягт тохируулан хэрэглэж байгаа.

- Танай сургалтын үйл ажиллагааны онцлог давуу тал юу вэ?

- Сургуулийн үйл ажиллагаа өглөө 08:30 цагаас эхлэн үндсэн, хөгжүүлэх, нэмэлт гэсэн 3 төрлийн сургалтыг 16:30 цаг хүртэл явуулдаг. Энэ хооронд хүүхэд боловсрол сургалтын бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдсан байгаа юм. Бид хөгжүүлэх сургалтаар уран зураг, соробан, оригами, кэндо, бүжиг, хийл, төгөлдөр хуур гэх мэт олон төрлийн дугуйлан хичээллүүлдэг, сургалт тус бүр өөрийн онцлог шинж чанаруудтай ба хүүхэд тухайн сургалтаас яг ямар зан чанар, төлөвшилт авч байна вэ гэдгийг бид анхааран судалдаг.

Хүүхдэд аливаа зүйлийг тулган шаардаж, баригдмал орчинд дургүй зүйлд нь хүчлэхийн оронд хариуцлагыг ухамсарлуулан, дуртай зүйлсээр нь хөгжүүлэн чиглүүлэх нь хамгийн чухал.

Жишээ нь хүүхэд бүр тооны олимпиад уралдаанд түрүүлэх албагүй, харин ерөнхийд нь чаддаг байх хэрэгтэй, тухайн хүүхэд инженер биш эмч болох мэргэжлийн чиг хандлагатай байхыг бас үгүйсгэж болохгүй шүү дээ. Тиймээс бид дунд, ахлах ангиас эхлэн мэргэжил сонголтын дагуу мэргэжлийн хичээлүүдийг системтэйгээр гүнзгийрүүлэн заах ёстой гэж боддог.

- Өнөөдөр манайд америк, солонгос, хятад зэрэг олон улсын хамтарсан дунд сургуулиуд дэлгэрээд байгаа. Харин сургалтаараа хамтарсан гэдэг нэрийг танайхаас сонсож байна, хамтарсан сургалтын үр дүн хэр байгаа вэ?

- Энэ сургууль анх 2003 онд 18 сурагч 2 япон багш, 4 монгол ажилтантай үүд хаалгаа нээж байсан гэдэг, одоо надаас гадна 4 япон багш, 1 их британи багш, нийт 40 орчим үндсэн багш ажилчидтайгаар боловсрол сургалтын үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд энэ сургуульд 55 орчим япон багш албан ёсоор ажилласан тоо байдаг юм билээ.

Би японд насаараа боловсролын байгууллагад ажиллаж байсан болохоор товчхондоо Номт наран сургуулийг хүний нөөц, сургалт хүмүүжлийн маш зөв системтэй бодлого барин ажиллаж байгаа гэж хэлж чадна. Учир нь бидний хамтарсан сургалтын бүхий л үйл ажиллагаа зөвхөн хүүхдийн эрх ашиг, түүний ирээдүйн сайн сайхны төлөө чиглэгдсэн байдаг нь энэ сургуулийн нийт төгсөгчдийн 60 гаруй хувь нь японы их дээд сургуульд суралцаж байгаа чамлахааргүй бодит амжилтыг үзүүлсэн гэж би дүгнэдэг.

- Манай боловсролын салбарт ажиллахад бэрхшээлтэй тал танд ажиглагдаж байна уу?

- Монголчууд аливаа юманд их авьяастай, суралцахдаа сайн, нэг зүтгэвэл их хөдөлмөрч эцсийг нь үзтэл хийж чаддаг ард түмэн гэдгийг би мэдэрсэн. Салбарын хэмжээнд тодорхой үе шаттай зүйлсийг улсаас хийж байгаа гэж бодож байна.

Харин өөрийн ажиллаж байгаа хүрээндээ харах юм бол зарим ерөнхий боловсролын хувийн сургуулиудад жоохон сэтгэл дутаад байна уу даа гэж би хардаг.

Манай сургууль аливаа зүйлийн анхдагч биш манлайлагч байх байгууллагын зорилтыг энэ хичээлийн жилд дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд хийх гэж буй ажлууд бусдад ихээхэн үлгэр дуурайл болох байх гэж найдаж байгаа.

- Танд их баярлалаа, танд болон танай сургуулийн хамт олонд амжилт хүсье!

- Баярлалаа, энэ завшааныг ашиглаад монголын нийт сурагчдад хандан өөртөө жижиг гэлтгүй зорилго тавин түүндээ хүрэхийн тулд улам хичээн суралцдаг байгаарай гээд удахгүй болох хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.