Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тэнгисийн хөлгүүдийн дараалсан осол GPS системд нэвтэрсэн кибер халдлагын үр дүн байж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-ын тэнгисийн хүчний хөлөг USS John McCain нь газрын тос тээвэрлэж явсан ачааны онгоцтой Сингапурын ойролцоо мөргөлдсөн бол хоёр сар гаруйн өмнө Японы эргийн ойролцоо USS Fitzgerald хөлөг мөн чингэлэг тээврийн онгоцтой мөргөлдсөн билээ.

Японы эрэгт болсон ослын улмаас долоон усан цэрэг амь үрэгдсэн. Сүүлийн ослын улмаас 10 усан цэрэг сураггүй болоод байгаа.

Одоогоор АНУ-ын тэнгисийн хүчний командлал дэлхий даяар тарсан бүх хөлгүүдээ түр зогсоож, ослын шалтгааныг олохоор ажиллаж байна. Зарим мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Америкийн тэнгисийн цэргийн хэдэн арван жил ашиглаж байгаа, хуучирсан GPS залуурын системд хакерууд нэвтэрсэн байж магадгүй гэнэ.

Хэдийгээр ийм дүгнэлтэд албан ёсоор хүрээгүй байгаа ч тэнгисийн хүчний ерөнхий командлагч, адмирал Жон Ричардсон кибер халдлагын боломжийг шууд үгүйсгээгүй байна. Тэрээр твиттер хуудсандаа “Яг одоо шинж тэмдэг илрээгүй байна…гэхдээ бүх боломжийг нягтлан шалгана” гэж бичжээ.

АНУ-ын тэнгисийн хөлгүүд анх удаа ингэж осолдоогүй юм. Энэ оны нэгдүгээр сарын 31-нд пуужин харвагч USS Antietam хөлөг Японы эрэгт санамсаргүй хайргадсан байсан. Тавдугаар сарын 9-нд өөр нэг хөлөг USS Lake Champlain Өмнөд Солонгосын загас агнуурын онгоцтой мөргөлдсөн юм.

Зургаадугаар сарын 17-нд электроникоор өвч тоноглогдсон, $1.5 тэрбумын өртөгтэй USS Fitzgerald хөлөг Японы эргийн ойролцоо чингэлэг тээвэрлэгч онгоцтой мөргөлдөн долоон усан цэргээ алдсан.

Кибер тагнуулын албаны мэргэжилтэн Жэф Стуцман энэ бүхнийг дүгнэж хэлэхдээ “Надад ямар ч баримт байхгүй. Гэхдээ электроникийн асуудлаас болж осол гарсан гэвэл гайхахгүй” гэжээ.

Техасын их сургуулийн профессор, хиймэл дагуулын навигацийн эксперт Тодд Хамприс “Статистик талаас нь харвал маш их сэжигтэй байна” хэмээн Стуцманы сэжгийг дэмжсэн байна.

Өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд гарсан нэгэн хэрэг ингэх боломжтойг батлан харуулж байгаа юм. Тэр үед Хар тэнгисийн зүүн хэсэгт хэн нэгэн этгээд GPS сигналд өөрчлөлт оруулсны дараа тэнд зорчиж байсан 20 хөлөг зүг чигээ алдсан байна. Тухайлбал нэг хөлгийнх нь навигацийн систем хэвийн ажиллаж байгаа мэт харагдаж байсан ч хөлгийн байрлалыг одоо байгаа цэгээс нь 30 км зайнд, нисэх буудлын ойролцоо хуурай газар дээр байгаа мэтээр зааж байжээ.

Тухайн үед гажсан GPS сигнал Оросын эргээс ирж байсныг мэргэжилтнүүд баталсан юм.

Нэгэн үе ийм сигналын өөрчлөлт хийхэд үнэтэй тоног төхөөрөмж, програмчлалын мэдлэг шаарддаг байсан бол өнөөдөр хэн дуртай нь хийж чадахуйц болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн худалдаа, бараа тээвэрлэлтийн ихэнх нь далайгаар явагддаг. Сүүлийн 25 жилийн хугацаанд далайн тээврийн хэмжээ дөрөв дахин өссөн байна.

Хөлгүүдийн хэмжээ ч томорч байгаа. Хамгийн том ачааны хөлөг 21,000 гаруй чингэлэг тээвэрлэх чадалтай.

Энэ бүхэн далайн тээврийн аюулгүй байдал улам бүр анхаарал татаж байгааг харуулж байна. Удахгүй хүнээр бус, роботоор жолоодуулсан хөлгүүд замд гарах гэж байгаа. Дэлхийн анхны автомат жолоодлоготой, 100-150 чингэлэгийн багтаамжтай хөлөг ирэх жил Норвегийн өмнөд хэсэгт 60 км-ийн аялал хийх гэж байна. Ингэхдээ эхний ээлжинд хүний хагас жолоодлоготой байгаад 2020 онд бүрэн автомат болох гэнэ.

Тиймээс далайн тээврийн кибер аюулгүй байдал чухал асуудал болж байгаа юм. Мөн далайд яваа хөлгийн багийнхан уйдахаас сэргийлж хөлгийн сансрын холбоогоор дижитал кино, хөгжим, ном ихээр татдаг нь вирүс нэвтрэх нөхцөл үүсгэж байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

Эх сурвалж: Tribune News Service