Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Афганистанд баримтлах бодлогоо зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Афганистанд баримтлах өөрийн засгийн газрын бодлогыг зарлалаа. Тэрээр өмнө нь гадаад орнуудад дайн хийдэг АНУ-ын уламжлалт гадаад бодлогыг үргэлж шүүмжилдэг байсан бол энэ удаа Афганистан дахь цэргийн ажиллагаагаа үргэлжүүлэхээр шийджээ.

Виржиниа мужид цэргийнхний өмнө үг хэлэхдээ Трамп эхлээд дуусдаггүй, ялдаггүй дайнаас залхсан, бусад улсыг өөрийн үзэмжээр өөрчлөх гэж их мөнгө, эрч хүч, иргэдийнхээ амь насыг үрдэг гадаад бодлогод таагүй ханддаг Америкчуудаас хүлцэл өчсөн юм.

Трамп “Анхнаасаа миний үзэл санаа бол дайнаас гарах байлаа. Гэвч Цагаан ордны зууван танхимд суугаад шийдвэр гаргахад нөхцөл байдал өөр байдаг юм байна” гэжээ.

“Би Афганистаны нөхцөл байдлыг олон талаас нь дэлгэрэнгүй үзэж танилцлаа. Олон сарын турш, олон уулзалтуудыг засгийн газрын гишүүдтэйгээ, генералуудтайгаа хийсний эцэст стратегиа тодорхойллоо” гэж Трамп хэлсэн байна.

Түүний тайлбарласнаар Иракт цохигдсон Исламын улс бүлэглэл Афганистанд дахин хүчээ авч, Пакистан дахь террористууд аюул учруулсан хэвээр байгаа нь Афганий ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөл болжээ. Тэр бас энэ ажиллагаандаа холбоотнуудаа, түүний дотор Энэтхэг улсыг идэвхтэй оролцохыг уриалсан байна. Мөн Пакистаныг өөрийн газар нутагт байгаа террористуудтай идэвхтэй тэмцэхийг уриалсан юм.

Нэг үгээр хэлбэл “Бид дахин бусад улс орныг өөрийн үзэмжээр бүтээн босгохгүй”, “Зөвхөн террористуудыг устгана” гэж Афганистаны бодлогоо тодорхойлжээ.

“Бид зөвхөн хамтын ашиг сонирхлоо холбоотнууд, түншүүдтэйгээ нийлж хамгаална. Бид бусдын амьдрах замыг заахгүй, зөвхөн үр хүүхдийнхээ аюулгүй амьдралын төлөө гэсэн ерөнхий зорилготой ажиллана. Зарчимтай реализм бидний цаашдын алхмыг удирдах болно” гэж Трамп хэлсэн байна.

Бусдын хэрэг Америкт хамаагүй гэх аминчхан бодлого ярьдаг байсан Трамп ийнхүү өмнөх засаг захиргааны бодлогыг үргэлжлүүлж, тус улс дахь цэргийн тоогоо нэмэгдүүлэхээр боллоо.

Уг нь түүнийг Афганистанаас цэргээ гаргана гэсэн таамаглал давамгайлж байсан юм. Гэвч түүнийг тойрон хүрээлсэн ахмад генералууд болох Цагаан ордны тамгын газрын дарга Жон Кэлли, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.Макмастер, Пентагоны тэргүүн Жэймс Мэттис нар түүнийг ятгаж дөнгөсөн бололтой.

 

Эх сурвалж: Business Insider