Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Татан буугдсан Цагаан хадны гаалийн төлөөллүүд ЭСЭРГҮҮЦЛЭЭ илэрхийллээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэр гаргаснаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төлөөлөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Цагаан хадны хяналтын бүсийг хаах нь Хятадын гаалийг дэмжсэн бодлого

Таван толгой ХХК-ийн эдийн засагч Ч.Төрмандах "Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах нь Хятадын гаалийн хяналтын бүсийг дэмжсэн бодлого. 

Харин Цагаан хадны хяналтын бүс идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар энэ жил экспортлох 22.4 сая тонн нүүрснээс 47 тэрбум төгрөгийн өртөг төсөвт цуглана.

Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд орон нутгийн Таван толгой ХК-ийн экспортод гаргаж буй нүүрс голчлон дамжин тээвэрлэгддэг бөгөөд 2016 онд 4.1 сая тонн, 2017 оны эхний хагас жилд 2.7 сая тонн нүүрс борлуулсны 70 хувь нь гаалийн хяналтын бүсээр дамжсан байна" гэж тайлбарлалаа.

Цагаан хаданд 130 орчим аж ахуйн нэгж, 10,000 гаруй жолооч нар ажилладаг

 
Гэрэл зургийг mpa.mn

"Цагаан Хад Хөгжлийн Гарц" ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох "Цагаан хад гаалийн хяналтын бүсийг 2006 онд Гашуун сухайт боомт, Таван толгойн нүүрсний экспортод зориулж бий болгосон.

Цагаан хаданд 130 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 10,000 гаруй жолооч нар ажилладаг.

Захиргааны аливаа шийдвэрийг гаргахдаа эрх ашиг, иргэдийн санал бодлыг сонсох ёстой.

Тэгтэл Засгийн газраас Цагаан хадны хянатыг зогсоох шийдвэрийг тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн дуу хоолойг сонсолгүйгээр гаргасан.

Уртын урт тээвэрт яваа тээврийн хэрэгслийн 80 хувь нь Хятад компанийн эзэмшлийн машинууд байдаг" гэлээ. 

Засгийн газраа Цагаан хадны ажилгүйчүүд хаачих вэ?

 
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэс Монгол" гаалийн хяналтын бүсийн эрхлэгч Д.Батбилэг "Цагаан хаданд идэвхтэй ажиллаж байгаа 27 хяналтын бүс байдаг.  Эдгээр бүсийг ажиллуулахд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Эдгээр хүмүүсийн хохирлыг Засгийн газраас яаж барагдуулах вэ?

Тус бүсэд 600-700 орчим ажилчид амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг. Засгийн газраа Цагаан хадны ажилгүйчүүд хаачих вэ?

Уртын урт тээвэр Хятадын эдийн засгийг дэмжинэ.

Харин Цагаан хадны хяналтын бүс Монголын эдийн засгийг сэргээхэд тустай" гэв. 

Цагаан хадны хяналтын бүсээр дамжиж уртын урт, урт, богино гэсэн гурван тээвэрлэлт хийгддэг байжээ. 

  1. Уртын урт тээвэр нь уурхайгаас гараад БНХАУ хүртэлх тээвэрлэлтийг хэлнэ -245км
  2. Уртын тээвэр гэдэг нь Уурхайгаас Цагаан хадны хяналтын бүс хүртэлх -210-215км
  3. Богино тээвэр нь Цагаан хадны хяналтын бүсээс хил гартал -20-25км хэлж байгаа аж. 

Иргэдийн гарын үсгийг Засгийн газарт өгнө

 
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгүүлч Х.Доржпалам " Уртын урт гэдэг тээвэрлэлтийг дэмжсэнээр ил гаалтай холбоотой оочер үүсч байна.

Орон нутгийн иргэд Цагаан хадны гаалийн талбай дээрээ нүүрсээ буулгах хүсэлтэй байгаа. 

Одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлтэд 70 километрийн оочер үүссэн байна. Урьд нь Цагаан хадны гаалийн хяналтын талбайд нүүрс буулгадаг байхад ийм оочер үүсдэггүй байсан. 

Энэхүү оочер дарааллыг буулгах талаар төр засгаас арга хэмжээ аваач.

Говийн цагдаа гэсэн хүмүүс нүүрс тээвэрлэлт явж байгаа машинуудаас авлигал авч байна.

Тодруулбал өчигдөр өглөө 09:30 цагийн орчимд цагдаа нар Оюутолгойн зам руу ордог хэсэг дээр зогсчихоод нэг машинаас 100-150 мянган төгрөг авч байгаа баримт нь байгаа.

Энэ хэрэг өдөр болгон давтагддаг.

Энэ мэтчилэн хууль бус үйлдлүүдийг цаашид ил болгох болно.

Өмнөговь аймгийн 15 сумын иргэд, Цагаан хадны хяналтын бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж гарын үсэг зурсан.

Бид бүхэн үүнийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулж өгнө" гэлээ. 

Өнөөдийн байдлаар хоногт 300 машин нүүрс тээвэрлэлт хийж байна. Өмнө нь 1,000-1500 машин тээвэрлэлт хийдэг байсныг төлөөллүүд онцолж байлаа.