Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ослын дараа АНУ-ын тэнгисийн хүчин бүхэлдээ “үйл ажиллагааны завсарлага” авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын байлдааны USS John McCain хөлөг Сингапурын эргийн ойролцоо ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөн билээ. Үүнээс болж 10 усан цэрэг сураггүй болоод байгаа.

Тэгвэл АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин дэлхий даяар далайд байгаа бүх хөлөг онгоцнууддаа “үйл ажиллагааны завсарлага” авах тушаал өгчээ.

Мөн дараалан гарсан ослын учир шалтгааныг тодорхойлох тушаал өгсөн байна.

Америкийн Тэнгисийн цэргийн төв удирдлагын адмирал Жон Ричардсон “Энэ бол гурван сарын хугацаанд тохиолдож байгаа хоёр дахь осол, Номхон далайд гарсан цуврал ослын сүүлийнх нь. Осол нь илүү хатуу ажиллахыг шаардаж байна” гээд “Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөлөг онгоцнуудад үйл ажиллагаагаа завсарлахыг тушааж байна” гэж мэдэгджээ.

Завсарлага 24-48 цагийн хугацаанд үргэлжлэх гэнэ.

Өчигдөр гарсан ослын улмаас USS John McCain хөлгийн 10 усан цэрэг сураггүй болж, таван усан цэрэг гэмтэж бэртсэн юм. Хөлөг газрын тос тээвэрлэгч ачааны онгоцтой мөргөлдсөн байна.

Хөлөгт засвар хийх шаардлагатай болсон ба сураггүй болсон хүмүүсийг аврах олон улсын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сарын 17-нд АНУ-ын USS Fitzgerald байлдааны хөлөг Японы эргийн ойролцоо Филиппиний чингэлэг тээврийн онгоцтой мөргөлдөж, живэх шахсан. Уг ослын үеэр долоон усан цэрэг амиа алджээ. Өнгөрсөн долоо хоногт уг хөлгийн ахмад, гүйцэтгэх албан тушаалтнууд болох нийт 12 хүнд шийтгэл оногдуулсан байна.

 

Эх сурвалж: Russia Today