Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Америк даяар зуун жилд нэг тохиох НАРНЫ ХИРТЭЛТ болж өнгөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан нар хиртэлт болж өнгөрлөө. Баруун эргийн Орегоноос зүүн эргийн Өмнөд Каролина муж хүртэл зурвас бүсэд бүтэн нар хиртэлт ажиглагдсан нь сүүлийн 100 жилд тохиогоогүй ховор үзэгдэл юм. Зурвасын гадна орших АНУ-ын мужуудад хагас хиртэлт ажиглагджээ.

Уг ховор үзэгдлийн гэрч болохын тулд Америкчууд бүтэн хиртэлт болох мужууд руу олноор аялцгааж байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар хиртэлтийг Цагаан ордны Трумэний тагтан дээрээс эхнэр Меланиа, хүү Бэрроны хамт ажигласан байна. Вашингтон хотод нар хиртэлт 81 хувьтай ажиглагдсан бөгөөд өдрийн 13:17 цагаас эхэлж 16:01 цагт дууссан юм.

 

Трамп эхлээд нар руу хамгаалалтын шилгүй харж эхэлсэн ба энэ үед туслахууд нь сандран ингэж болохгүйг түүнд сануулснаар шил зүүсэн байна. Нар руу удаан харах нь нүдийг гэмтээх аюултай гэгддэг.

Америкчуудын нар хиртэлтийг үзэх гэсэн хошуурал ажлын бүтээмжийг бууруулж, тус улсын ажил олгогч нарт $700 саяын хохирол учруулна гэж судлаачид тооцоолжээ.

Нар хиртэлт бол нар ба дэлхийн хооронд сар байрлаж, сарны сүүдэр дэлхийд тусах байгалийн үзэгдэл юм.

 

Эх сурвалж: Business Insider