Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бурмаа: Монтессори бол тасралтгүй үргэлжлэх хөгжил юм

Р.Оюун
2017 оны 8 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum ” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг. Энэ удаагийн зочноор “Глобал Монтессори” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Бурмааг урилаа.

БЛИЦ

МЭРГЭЖИЛ:
Жүжигчин, Монтессоригийн багш

БОЛОВСРОЛ:
СУИС-ийг жүжигчнээр төгссөн, Энэтхэгт хоёр жил Монтессоригийн багшаар суралцсан.

АЖЛЫН ТУРШЛАГА:
11 жил цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байгаад сүүлийн зургаан жил эрхлэгчээр ажиллаж байна.

Монтессори сургалт гэж юу вэ?

-Монтессори нь 2-5 насны хүүхдийг тасралтгүй хөтөлбөртэй хөгжүүлэх сургалт юм. Энэ нь бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг амьдрах арга ухаан, мэдрэхүй, математик, төрөлх хэл, соёл гэсэн сургалт бий.

Бүх зүйл шинжлэх ухааны онол, хүүхэд хөгжүүлэх арга зүйд тулгуурласан, олон эрдэмтний судалгаа, шинжилгээгээр батлагдсан, тусгай бэлтгэсэн орчинд, бэлтгэгдсэн багшаар чиглүүлэгдэж явдаг сургалт.

Хамгийн гол нь өөрийн дуртай зүйлээ сонгоно гэдэг гайхамшигтай зүйл. Өөрийнхөө эрх чөлөөгөөр, өөртөө итгэлтэйгээр, сонгосон хичээлээ, идэвхтэй зүйлээ хийж дуусгана гэдэг амжилт байдаг. Тиймээс тухайн хүүхдийн хийх ажил нас насанд нь тохирсон байдаг.

Хүүхэд оймсоо тайлж, өмсөж, эвхэж чаддаг, товчоо товчлох гэж оролддог. Үүнийг нь томчууд чадахгүй гэж дарангуйлдаг. Хэдэн удаа давтамжтай хийдгийг нь ажиглавал ой гарантай хүүхэд ч гэсэн үүнийг дахин дахин хийх гэж оролддог.

Үүнийг нь томчууд тэвчээртэй хүлээнэ гэдэг өөрөө томчуудын сургалт болж ирдэг. Энэ цагаас эхлээд хүүхэд түүнээсээ маш их сэтгэл ханамж, би чадаж байна гэсэн урам авдаг. Бид “Их мундаг, сайн чаддаг хүүхэд” гэж магтдаг. Үүнийг бодитоор өөрөөр нь хийлгэх юм.

Бид өмнөөс нь туслах гээд байдаг. Сайн тэвчээртэй багш тэр хүүхдийг амжилтад хүргэж чадна. Буруу зүйлийг унагаагаад хагардаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Гэхдээ бид осол, аюулгүй байдлыг нь хамгаална. Гэхдээ хагардаг юм байна гэдгийг мэдсэн цагаас хойш тэр хүүхэд юманд болгоомжтой хүрнэ.

Халуун зүйл байна гэдгийг мэдсэнээс хойш хүүхэд өөрөө хүрч болдог, болдоггүй гэдгийг мэднэ. Энэ халуун, хүйтэн зүйл гэдгийг анхнаас нь халуун бүлээн усыг ижилхэн, харагдахгүй саванд хийснээр мэдрүүлэх сургалт эхэлдэг. Сургалт их сонирхолтой, томчууд ч гэсэн хийж үзэх юмсан гэж бодогддог. Монтессоригийн тэр гайхалтай зүйл бол бага насны хүүхдүүдэд сайн муу, сайхан муухай бүх зүйлийг ямар ч шилэлт сонголтгүй, камер шиг сорж, хүлээж авдаг. Сорж, хүлээж авсныгаа өөрөө илэрхийлдэг. Тиймээс хамгийн чухал нь бэлтгэгдсэн орчин. Бэлтгэгдсэн орчинд материаллаг хэрэглэгдэхүүнээс гадна сайн мэдэрдэг багш хэрэгтэй.

Багш хүн дөрвөн жилээ төгсөөд цэцэрлэгийн мэргэжлийн багш байх албагүй. Мэдрэмжтэй, хүүхдэд хайртай чин сэтгэлээсээ ханддаг тухайн хүүхдийн юу хүсээд байгаа тэр хүүхдийн сэтгэхүй дотор нэг төвшинд очиж уулзаж чаддаг. Түүнийг нь ойлгож чаддаг амласан ч биелүүлж чаддаг найз, нөхөд гээд бүх зүйлд нь хамтрагч нь болж чаддаг тийм гайхалтай багшийг өнөөдөр манай цэцэрлэг бэлтгэх гээд нэг баг, хамт олон болоод ажиллаж байна.

Ирж байгаа хүүхэд бүрийг баяртайгаар хүлээн авч байгаа. Яагаад гэвэл энэ нь бидний шагнал юм. Манай цэцэрлэгийг зориод ирж байгаа хүүхэд бүр бидний хувьд бэлэг учраас тэднийхээ төлөө ажиллана. Манайд 2-3 насны хүүхэд их байна. Дунд бүлгийн гурав, таван настай хүүхдийн анги дахин шинээр нээгдэж байна.

Манай цэцэрлэгийн хүчин чадал хоёр настай хоёр, гурван настай гурав, дөрвөн настай гурав, таван настны гурван анги гээд нийт 11 бүлэг Монтессори сургалтаар хичээллэнэ. Хамгийн гол нь баяр баясгалантай, аз жаргалтай хүүхэд эндээс гарна. Аз жаргал, баяр баясгалан дотроо өөртөө итгэлтэй, бусдыг хайрлаж, хүндэлдэг, хүн болох төлөвшлийг, нүдэнд харагддаггүй ухаан энэ цэцэрлэгт явагдана гэсэн үг.

“НАМАЙГ ӨӨРӨӨ ХИЙЖ ЧАДАХ ХҮРТЭЛ НАДАД ТУСЛААЧ”

Монтессори гэдэг нь Италийн эмч, эмэгтэй хүн. Энэ хүн анх оюуны хомсдолтой хүүхдүүдийн эмнэлэгт ажиллаж байхдаа тэр хүүхдүүдэд эм уулгаж унтуулаад, хоолыг нь ам руу нь хийдэг байсан. Гэтэл хүүхэд учраас ямар нэгэн зүйлийг хайж эхэлсэн.

Тухайлбал, идэж байгаа талхныхаа үйрмэгийг бөөрөнхийлж, зөөж нааш цааш нь болгож байсныг ажиглаад бага насны хүүхэд ямар нэгэн үйлдэл, өөрөөсөө буцалсан дотоод энерги хүчээрээ суралцах хүсэл байдаг юм байна.

Үүнийг бид эргэн тойронд нь бэлдсэн орчин хийж өгье. Эргээд авахад энэ нь хэрэгцээтэй, тэр нь халуун хүйтэн, том жижиг, өргөн нарийн, өндөр нам ийм зүйлийг яг бодитоор байж байя.

Ингээд судлагдаж зөвшөөрөгдөөд Монтессори нэртэй хэрэглэгдэхүүн болж тавигдаад сургалтын орчин бүрдээд хүний хэрэглэдэг бүх зүйл байгаа. Мария Монтессори “Намайг өөрөө хийж чадах хүртэл надад туслаач” гэж хэлсэн байдаг. Тиймээс Монтессори боловсрол өөрөө хүүхэлдэйн кино Бэтмэн гэсэн хийсвэр зүйлээс татгалздаг. Хүүхдийн эргэн тойрон дахь орчин бодит амьдрал байх ёстой гэж тооцогддог.

ХҮҮХЭД БҮРД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТУУД БАЙДАГ 

Монтессори сургалтын онцлог нь хүүхдийн төрөлх занг эвдэхгүйгээр ганцаарчлан ажиллах. Одоо амьдарч байгаа орчин, нөхцөлд бид дахин давтагдашгүй бүтээлийг хийдэг. Үнэхээр авьяас, сонирхолтой бол өөрийнхөө хүссэн зүйлээр явах ёстой.

Тиймээс тэр хүүхдүүдэд зориулж орчин, сэтгэл зүй бүх зүйлийг нь ажиглаж анхаарна. Их ажиглалт дунд энэ сургалт явагддаг. Ажиглаагүй төөрөлдсөн хүүхэд манай цэцэрлэгт явахгүй. Тэгэхээр ажиглагдсан, багшийн хараанд орсон хүүхдэд зориулсан хөтөлбөр гарч ирдэг.

Шууд батлав гэсэн хөтөлбөрөөр явдаггүй. Юу хүсэж, юу сонирхоод байна, цааш нь яаж туслах вэ, өнөөдөр юуг хийж дуусгасан байна. Түүнийг маргааш багш нь яаж үргэлжлүүлэх вэ. Хурдан төлөвлөх хэрэгтэй.

Хүүхэд бүрд зориулсан чиглүүлэх сургалтууд байдаг. Тэгэхээр багш нь их завгүй болж байгаа юм. Бичиг цаасаар биш ажигласан зүйлүүдээ тэмдэглэсэн болохоор манай хүүхэд тооллын систем дээр аравтын орон үзсэн бол цаашаа зуутын орон үзэх ёстой учраас зуутын орноо давтаад явна.

Зуутын орныг бэлтгэхийн тулд багш орон орны тоо бэлдэх ёстой. Ингээд нөгөө хүүхдээ хэдээс хэдэн минутын хооронд суулгах вэ, юун дээр анхаарах вэ. Хэрэв хүүхдийн сонирхол буурсан бол дараа нь залгуулаад юу өгөх вэ гээд тасралтгүй үргэлжилнэ

“АЙНА ГЭДЭГ ГАЙХАМШИГ”

Энэтхэгийн Монтессори олон улсын сургалтад сурч байхдаа багшаасаа “Би одоо их гоё олон улсын дипломтой болчихлоо. Монголд очоод Монтессори сургалтыг явуулна гэхээр айдас хүрээд байна" гэхэд "Айна гэдэг гайхамшиг. Айж байна гэдэг би тэр хүүхдийн төлөө яаж ажиллана аа гэсэн сэтгэл гарч ирж байна. Хоёрдугаарт чиний эргэн тойронд багш дүүрэн байна. Зүгээр л хүүхдүүдээ хар, хүүхдээ судал, хүүхдийнхээ нүдийг хар” гэж хэлж байсан. Ямар нэг аргаар хүүхэд цохиод авна гэдэг шалтгаан. Яагаад цохих шалтгаан нь гарч ирсэн гэхээр ямар нэгэн юм хийхгүй зогсонги удаан өөртөө тайван биш байгаа учраас хүүхдийг цохих шалтгаан гардаг.

Тэгэхээр зогсонги хүүхэд бас буруутай биш байх нь. Тиймээс ийм хүүхдийг сайн судлах хэрэгтэй Маш их судалгаа, ажиглалт дээр явдаг юм байна. Манайд ирсэн багш наг өөрсдөө шинэ хүн болох гэж оролдож байна. Баш нар бүх зүйлд зөв хандлагатай байх ёстой. Багш өөрөө зөв хандлагатай байна гэдэг өөрийгөө шинэчилнэ гэсэн үг.

АНГЛИ ХЭЛИЙГ ГАДААД ХҮНЭЭР ТОГЛУУЛАХ гэж ОРУУЛЖ БАЙНА

Эрэлт хэрэгцээ юм уу, англи хэл гэдэг үгийг их сонссон. Англи хэлийг оруулж байгаа. Гэхдээ англи хэлийг гадаад хүнээр тоглуулах гэж оруулж байгаа. Хүүхэдтэй хамт тоглоход л шууд сурна. Түүнээс тусгайлан A, В, С гэж заах гээгүй. Манай сургуулийн өмнөх боловсролд зөвшөөрөхгүй. Тиймээс тэр хүүхэд англи хүнтэй тоглох явцад тоглоомуудыг юу гэж нэрлэдэг, өглөө мэндлэхдээ, орой явахдаа юу гэж хэлдгийг сурах юм. Заавал англи үг гэж тусгаарлахгүйгээр сурч байгаа учраас англи хэл байна. Бүжиг, дугуйлан зайлшгүй байх ёстой.

Хүүхдүүд хөдөлгөөнөөр дамжуулан өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах ур чадварыг бага наснаас нь суулгах хэрэгтэй байгаа учраас драмын дугуйланг СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн багш зааж байгаа. Магадгүй бусад цэцэрлэгт байхгүй жишиг. Ер нь бид баригдмал зүйлээс салж чөлөөтэй, юу хүсэж чадаж байна тэр бүгдийг нь өгмөөр байна.

Хэдий хэмжээний их юм өгч чадна тэр хүүхэд тийм л баяр баясгалантайгаар өсөж торнино. Монтессорид ингэж болно, тэгж болохгүй гэсэн хатуу дүрэм, журам байхгүй. Гэхдээ та бид давтагдахгүй, тэр хүүхэд хэзээ ч давтагдашгүй учраас онцлог зүйлүүдийг нь дэмжих нь чухал.

ЭХ ОРНОО ХАЙРЛАДАГ, БАХАРХДАГ ХҮҮХДҮҮДИЙГ БИЙ

Манай монгол ухаан бас гайхалтай агуу зүйлүүд байдаг. Хэл ярианы дасгалууд байна. Эцэг эхчүүд хүүхдээ энхрийлж хайрлаж байна гээд буруу яриад, хэлээ хазсан хэллэгүүд гарч ирсэн. Ялангуяа, гадаадад амьдарч байгаад ирсэн аялгатай монгол хүүхэд ихэсч байгаа нь манай цэцэрлэгт ажиглагдсан. Энэ хүүхдүүдтэй зайлшгүй ажиллах шаардлагатай. Үг хэл, яриаг бага насандаа төгс төгөлдөр ярьж сурвал уран яруу хэллэгтэй болдог.

Бага нас гэдэг өөрөө хайлсан тугалга шиг хаашаа л бол хаашаа байдаг болохоор зөв чиглүүлээд өгвөл тэр чигээрээ явна. Үүнийг анзааралгүй өнгөрвөл хатуу гийгүүлэгчүүдээ хэлж чадахгүй гацдаг. Манайд ийм хүүхдүүд ирж байна. Тиймээс сэтгэл зүйн талаас нь дадлага, дасгал хийж байгаа. Өглөө бүр Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл гэдгийг тогтмол хэлүүлж байна. Бас зайлшгүй хийх ёстой зүйл бол Монгол эх орноо хайрладаг, бахархдаг хүүхдүүдийг бий болгох гэж янз бүрийн тоглоомуудаар хийж байна.

Ер нь хүүхдүүдтэй ярихаас илүү хийлгэх нь их чухал байдаг. Монголын тал нутгаар явсан, үзэж харсныг нь зуруулна. Ийм зүйл бусад оронд байдаггүй. Улс орныхоо газрын зураг дээр өөрийнхөө газрын зургийг харьцуулж энэ бол миний эх орон гэдгээр нь тайлбарладаг.

ХҮҮХДИЙН ЮУ МӨРӨӨДӨЖ БАЙГААГ БАГШ ӨӨРӨӨРӨӨ МЭДЭРЧ ТҮҮНД өгдөг

Төлөвшсөн хүнийг бий болгоход тухайн хүүхэд юу хүсэж, мөрөөдөж, бодож байгааг багш өөрөөрөө мэдэрч түүнд өгдөг. Сахилгагүй, хөдөлгөөнтэй, үймүүлдэг хүүхэдтэй эцэг эхчүүдэд хэлэхэд сурах дотоод хүсэл тэмүүлэл нь оргилоод байгааг та бид анзаарахгүй өнгөрөөд байна. Энэ нь зурвасхан чухал үе. Яг энэ үед юуг л бол юуг хүлээж авдаг, цээжилж тогтоодог.

Насанд хүрэгчдээс хэд дахин давуутайгаар хурдан мэдрэмтгий хүлээж авдаг үе юм шүү. Тэр үеийг нь зүгээр томоотой суу, даруухан төлөв байх, үгэнд оромтгой бай гэх нь сайн талтай зүйл биш юм шиг санагддаг. Аав ээжийг өдийг хүртэл өсгөж өгсөн монгол ухаан, сайн зүйлүүдийг аваад дээрээс нь Монтессоригийн aгуу шинжлэх ухаанаар батлагдсан сургалт арга зүйтэй нийлүүлэхэд Монголын ирээдүй болсон хүүхдүүд ямар нэг зүйлийг эхэлсэн бол дуустал нь хийх, үнэнч тууштай, найз нөхдийнхөө төлөө анхаарал халамж тавьдаг, өөртөө итгэлтэй, зоригтой болдог. Гэтэл одоо би чадахгүй, мэдэхгүй гэдэг хүүхдүүд байна. Энэ нь тэдний буруу биш, энэ сэтгэл хаагдвал айдастай, болохгүй, бүтэхгүй гэдэг юм руу орно. Тиймээс манайд тоглоомын, дугуйлан, амрах өрөө тусдаа, англи хэлний дугуйлан байна.

Хүүхэд нэг орчноос нөгөө орчин руу шилжиж чаддаг, тухайн орчиндоо хурдан дасдаг. Ямар нэг зүйлийн учир шалтгааныг олохоор яагаад гэдгийг өөрөө эрэлхийлж хайдаг. Монтессори сургалтыг төгссөн хүүхдүүдийн судалгааг харахад ихэнх нь судлаач болсон байдаг. Юмны учрыг олох гэдэг, шалтгааныг нь мэдэж байж дуугардаг, бодит үнэнийг өөрөөрөө мэдэрсэн, шинжилсэн, баталсан, нотолсон зүйлээ ярьдаг тийм л хүнийг Монтессори сургалтаараа гаргах юм. Магадгүй бид алсдаа Монтессори сургалтын академийг цэцэрлэг дээрээ байгуулж яагаад болохгүй гэж.

Зураг