Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ү.Хүрэлбаатар: Бид анхны наадмаа Монголын хосгүй, сод яруу найрагч Данзанравжаагийн нэрэмжит болголоо

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Соёл Яруу Найргийн Академи нь "Дэлхийн яруу найргийн өдрүүдийг 2017 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс 22-ний өдрийг хүртэл Монголд анх удаа зохион байгуулж байгаа билээ. 

Тус үйл ажиллагааны хүрээнд "Данзанравжаа" олон улсын яруу найргийн наадам өнөөдөр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд боллоо. 

Өдөрлөг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор зохиогдож буй бөгөөд  40 орны 200 орчим яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид оролцож байгаа аж.

Дэлхийд нэртэй зохиолч, яруу найрагчид Монгол орны тухай төсөөллөө бодит болгож, Монголын түүх, соёлын тухай шүлэг, зохиол бичиж байгаа нь Монголыг дэлхийд таниулах чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна гэж зохион байгуулагчид ярьсан юм.

"Монголын нэрийг дэлхийд гаргах бас нэг боломж"
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд " Монголын уран, цэцэн яруу найрагч, зохиолчид гадаадын зохиолчидтой хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буйд баяртай байна.

Олон улсын зохиолчдын Монголын тухай бичсэн шүлэг, зохиолыг эмхэтгэл болгон гаргах төлөвлөгөөтэй байгаа. Ингэх нь Монголын нэрийг дэлхийд гаргах бас нэг боломж юм.

Бид цаашдаа улсынхаа нэрийг гаргасан олон улсын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.

Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, МУСГЗ Ү.Хүрэлбаатар “Дэлхийн томоохон хотуудын жишиг нь өөрийн яруу найргийн наадам, фестивалиа жил бүр нэг нэртэй яруу найрагчийнхаа нэрэмжит болгон явуулдаг.

Энэ жишгээр бид анхны наадмаа Монголын хосгүй, сод яруу найрагч, Данзанравжаагийн тэгш ой тохиож байгааг тохиолдуулан Данзанравжаагийн нэрэмжит болголоо” гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын байгууллага, сан, дэлхийн нэртэй яруу найрагч, зохиолчид оролцож байгаа нь Монголын уран зохиолч, яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзах, туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гарган дэлхийн оюуны зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байна гэж өдөрлөгт оролцогчид ярьж байлаа.

Казахстан улсын Төрийн шагналт яруу найрагч Улыкбек Есдеулет "Дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохиолч, яруу найрагчдын зан чанар, ертөнцийг үзэх чанар, сэтгэл, мэдрэхүй нь бүгд ижил байдаг. 

Тиймээс олон яруу найрагчид нэгдэх үед тарсан төрөл садантайгаа уулзаж байгаа мэт дотно сэтгэл төрж, баярладаг.

Ийнхүү олон орны яруу найрагч, зохиолчидтойгоо уулзаж, туршлага солилцож байгаад сэтгэл өндөр байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn