Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп террористуудын эсрэг гахайн цус ашиглахыг зөвлөлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Испаний Барселон хотод гарсан террорист халдлагын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа муслим босогчдын эсрэг тэмцэхдээ гахайн цус ашиглаж байсан Америк генералын түүхийг сөхөж, ийм арга хэмжээ авах нь терроризмтай тэмцэхэд үр дүнтэй хэмээн бичжээ.

Тэрээр 20 дугаар зууны эхээр АНУ-ын колони Филиппинийг захирч байсан генерал Жон Жозеф Першингийн (Хар Жэк хочтой) аргыг өнөөдөр хэрэглэх нь үр дүнтэй гэсэн юм.

Трамп “Террористуудыг баривчилсныхаа дараа Америк генерал Першинг юу хийдэг байсныг олж мэд! Тэнд 35 жилийн турш Радикал исламын терроризм дахин гараагүй юм” гэж бичжээ.

Тэрээр 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа генерал Першингийн түүхийг ярьж, ийм аргыг өнөөдрийн Америкт ч бас хэрэглэх хэрэгтэй гэж байсан юм. Тухайн үед Трамп “Генерал баригдсан 50 босогчийг эгнүүлж зогсоогоод цэргүүдээрээ буудуулж байсан. Ингэхдээ гахайн цусанд дүрсэн сумаар 49-ийг нь буудаж, нэгийг нь үлдээгээд бусдадаа юу болсныг ярь хэмээн тушаагаад явуулдаг байсан юм. Ингэснээр тэнд 25 жилийн турш асуудал гараагүй” хэмээн хүмүүст ярьж байжээ.

Муслимуудын хувьд гахайн цус нь хамгийн бохир зүйлд тооцогддог гэнэ.

Гэхдээ түүхчид Трампын ярьсан түүхийг үнэн эсэх нь эргэлзээтэй, батлагдаагүй зүйл гэж үздэг ажээ.

Харин Дональд Трампын зөвлөж байгаа 100 жилийн өмнөх колоничлогчийн муслим дайсантай тэмцэх тактик өнөөдөр хэр үр дүнтэй байх нь эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: Business Insider