Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Гуравхан жилийн дотор Монголчуудын өрийг тэглэх боломжтой

Э.Туул
2017 оны 8 сарын 18
Монголын мэдээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдуудыг хүлээн авч уулзаж, МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж, бас нэлээд дуулиан шуугиан бүхий асуудлууд өрнөж өнгөрлөө. Ингээд эндээс хамгийн их сонирхол татахуйц ярилцлагуудаас тоймлон хүргэе. 

З.Энхболд: Гуравхан жилийн дотор монголчуудын өрийг тэглэх боломжтой 

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга/ 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нь АН-аас “Иргэдийн тэр дундаа малчны, оюутны, цалингийн, тэтгэврийн зээлийг тэглэх боломжийг хамгийн түрүүнд судлаарай” хэмээн албан бичиг өргөн барьж байсан.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгээс өр тэглэх асуудлын хүрээнд хуулийн төсөл боловсруулж байгаа хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ярилцлага өгчээ.

Тэрбээр “Сонгууль болохоос хэд хоногийн өмнө АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад захиас өгч байсан. Уг захиасны агуулга нь монголчуудын өр болохоо байлаа, малчны, тэтгэврийн, цалингийн зээлийг шийдэх байсныг санаж байгаа байх. 2017 оны тавдугаар сарын байдлаар Монголбанкнаас авсан албан ёсны мэдээгээр монголчуудын зээлийн хэмжээ нэг тэрбум 183 сая 650 мянган ам.долларт хүрсэн байна л даа.

Үүнийг төгрөгт шилжүүлэхээр 2.9 их наяд болж байгаа. Цалин, тэтгэвэр, малчны зээл Монголын нийгэмд томоохон бэрхшээл болон хувирсан. Таны асуусанчлан зээлийг чөлөөлөх тухай яригдаагүй. Зээл чөлөөлчихвөл нөгөө талд нь зээлгүй хүмүүс яах вэ гэдэг асуулт байгаа юм. Нэр дурдсан гурван зээлийг чөлөөлөхөд 2.9 их наяд төгрөгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хувилбараа ярилцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ажлаа аваад нэг сар боллоо. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Аравдугаар сард хуулийн төслийг өргөн барих юм. Яригдаж буй шийдлүүдээс би нэг л жишээ ярихад Эрдэнэс Тавантолгой компанийн 2017 оны төлөвлөгөө, үйл ажиллагааны тоо баримтыг олж авсан. Эрдэнэс Тавантолгой энэ онд 12 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа.

Харин нэг тонн нүүрсээ уурхайн аман дээрээс 71 ам.доллараар зарж байгаа бөгөөд жилийн нийт борлуулалт нь 852 сая ам.доллар байх тооцоо бий. Уурхайгаас нүүрс олборлохдоо 16 орчим ам.долларыг олборлож буй компанидаа төлж байгаа юм. Энэ нь 192 сая ам.доллар гэсэн үг. Татвар, рояалти төлөхөөс өмнөх цэвэр ашиг нь 660 сая ам.доллар болж байгаа.

Хэрэв энэ мөнгөөр нөгөө зээлээ төлье гэвэл 1.8 жилийн дотор төлж дуусахаар байна. Улс таван хувийн рояалтигаа авна гээд тооцохоор 2.5-3 жилийн дотор төлөхөөр тооцоо байгаа юм. Энэ зөвхөн Эрдэнэс Тавантолгой дээр гарч буй тооцоо. Үүнээс гадна стратегийн 15 орд бий. Тэгэхээр Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй хууль батлагдвал зуучлагчид алга болж, өнөөдөр эдний хувааж идэж байгаа их мөнгийг Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т заасан эзэд нь авна. Гурван сая иргэн байгалийн баялгаасаа ноогдол ашгаа авдаг болно” хэмээн ярьжээ.

Б.Тулга: УИХ-д суудал авч ирсэн ганц гишүүн гэхээрээ л бурхан шиг байж болохгүй шүү дээ

/МАХН-ын Нарийн бичгийн дарга/

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед УИХ-д ганцхан суудалтай МАХН-ынхан О.Баасанхүү гишүүнээ нэлээд ад үзэх маягтай болсон бололтой. Бүр түүнийг намаасаа хөөсөн гэх мэдээлэл ч гарах болсон.

Тэгвэл МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга “МАХН О.Баасанхүү гишүүнийг хөөсөн гэж хэлж болохгүй. Манай намын дүрэмд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилд оролцохгүй, уулзалт, хуралдаа ирэхгүй байгаа гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлдөг заалттай. Энэ утгаараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Тодруулж хэлбэл, тэр хүн олон удаа намын дотоод журам зөрчиж, хурал тасалсан тул МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Бага чуулганы гишүүнээс нь чөлөөлсөн. Нэгэнт намд хашдаг албан тушаалаас чөлөөлсөн болохоор намын гишүүн, дэмжигч байж болно. Хэрэв Гүйцэтгэх товчооны хурал, Бага чуулгандаа ирээд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан бол бид ийм шийдвэр гаргахгүй.

Ирэхгүй байгаа хүнийг чөлөөлөхгүй бол болохгүй. О.Баасанхүү гишүүн Эрдэнэтэд нэр дэвшсэнээрээ азтай юм. УИХ-ын гишүүний суудлыг түүнд МАХН авч өгсөн. Учир нь Засгийн газрын хуралдаанд нууцаар хэлэлцсэн “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг манай намынхан зориглож, илчилсэн. Энэ нь хамгийн түрүүнд Эрдэнэтийн иргэдэд хүндээр туссан. Тиймээс МАХН-ыг дэмжсэн. Тэгж л УИХ-д сонгогдож гарч ирсэн.

Ганц суудал авч ирсэн болохоор хүссэн үедээ хуралдаа суудаг байж болохгүй. Нам гэдэг бол хамтын хүчээр бүх асуудлаа шийддэг. Нэг хүний нам гэж байдаггүй юм. Хэрэв хурал чуулган давхардсан бол асуудлаа урьдчилж хэлээд, өөрийн байр сууриа илэрхийлээд явах ёстой. Тэгэхгүй байгаа хүнийг бид гуйж гувшаад яах билээ. УИХ-д суудал авч ирсэн ганц гишүүн гэхээр бурхан шиг байж болохгүй шүү дээ” гэжээ.

Ж.Батзандан: Гадны парламентад өөрсдөө огцордог шиг бид тийм л замд орох хэрэгтэй 

/УИХ-ын гишүүн/ 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын талаар дурдаагүйг онцолжээ. Мөн тэрбээр ёс зүйн алдаа гаргачхаад “шүүхээр тогтоогдоогүй” гэж гүрийдэг болсон талаар ярьжээ.

Тодруулбал, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг заавал аравдугаар сард батална гэж яарах хэрэггүй. Одоо бол ул суурьтайгаар үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьсан, эв нэгдлийг бэхжүүлсэн, хариуцлага ёс зүйг Монголын төрд авчирсан өөрчлөлтийг хийх хэрэгтэй. АН-ын зүгээс олон санал гаргаж байна. Энэ удаагийн хуулийн төсөл дээр хариуцлагатай холбоотой хуулийн төсөл бараг ороогүй.

УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг заалт оруулмаар байгаа юм. Шүүхийн шийдвэр гарахыг хүлээгээд ард түмнийг бухимдуулаад суугаад байх шаардлагагүй. Төр өөрөө өөртөө хариуцлага тооцдог, цэвэрлэдэг механизмыг бий болгох хэрэгтэй байна. Мөн УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалд томилогдож буй албан тушаалтанд насны хязгаар тавих хэрэгтэй.

Тэгэхгүй бол хорин хэдэн настай хүүхэд ордонд орж ирээд юу ярих, юу хийхээ мэдэхгүй байна. Шүүгчийн насыг нэмэгдүүлж буйтай адил УИХ-ын гишүүний насыг нэмэгдүүлэхэд буруудах зүйл байхгүй. Гэх мэт олон саналыг гаргаж тавьж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай яриаг эрх баригч намын зүгээс гаргаж байна. Үүнийг манай нам зарим талдаа зөвшөөрөх ч гэлээ санал нийлэхгүй зүйл олон байна.

Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна гэдэг гаргүй, хөлгүй болгож буйтай агаар нэг. Ерөнхийлөгч төрийг тэнцвэртэй байлгах, үндэсний эв нэгдлийг хангах хүчтэй субъект байдаг. Хууль санаачлах, хориг тавих эрх зайлшгүй байх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн зарим эрх мэдлийг хязгаарлах тухай яригдаж байна. Энэ асуудалд бид санал зөрөлдөөнтэй байгаа. УИХ Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв.

Гэхдээ жил бүр Засгийн газраа огцруулаад байж болохгүй. УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцдог, хяналт тавьдаг тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлага бий. УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалд томилогдож буй албан тушаалтныг ёс зүйн алдаа гаргасан гэж үзээд огцруулахыг олон түмэн шаардаж байгаа бол шүүхийн шийдвэр гартал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ гаргаж болно.

Ийм зохицуулалтыг шинэ Үндсэн хуулиар оруулж ирэх шаардлагатай. Шүүхийн шийдвэрээр гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхээ сэргээлгэдэг, буруутай гэж үзвэл хариуцлагаа хүлээдэг шинэ дэг журам руу орох ёстой.

Өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага алдсан мөртөө шүүхээр тогтоогдоогүй байна гээд гүрийчихдэг болсон. Ингэж ард түмний уур цухлыг хүргэж байна. Манайд ийм албан тушаалтнууд олон байна. Гаднын парламентад өөрсдөө огцордог жишээ олон бий. Бид тийм л замд орох хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Зураг