Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

60 тэрбумын эргэн тойронд ямар асуудлууд яригдсан бэ?

Р.Саруул
2017 оны 8 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

- Г.Доржзодов гардан хийсэн схемээ өөрөө биш биднийг хийсэн мэтээр ярьж, ойлгуулж байна. Бид олон удаагийн уулзалт зохиож байсан. Тэр бүгдэд иргэн Г.Доржзодов хамт байдаг байсан. Гэтэл тэдгээр уулзалтын бичлэгүүдээс хэсэгчилж, эвлүүлж, тараасан байна -

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын удирдлагууд төрийн өндөр албан тушаалыг наймаалах замаар 60 тэрбум төгрөг босгох гэж буй тухай бичлэг нийтэд цацагдаж, өнөөг хүртэл хэрүүл маргааны гол сэдэв болсоор ирсэн. Хэдийгээр хууль хяналтын байгууллагаас энэ бичлэгийг эвлүүлэг гэж тогтоосон ч олон нийт эргэлзэх хандлагатай байсан бол сөрөг хүчин хийгээд МАН-ын доторх фракц, бүлэглэлүүд үүнийг асуудлын учиг болгож байсан юм.

Харин өчигдөр уг бичлэгт дуу хоолой нь үлдсэн гэх МАН-ын гишүүн А.Ганбаатар өөрийн биеэр мэдэгдэл хийж, хэвлэлийн бага хурал зарлан бодит үнэнийг нийтэд дэлгэв. Ингээд мэдээллийн эхэнд А.Ганбаатарын өмгөөлөгч Ц.Энхтайван хэрэг хуулийн хүрээнд хэрхэн шалгагдаж байгаа талаарх мэдээллийг өгсөн юм.

Ц.Энхтайван: 90, 40 минутын бичлэгийг хуулийн байгууллага шалгасны дараа тодорхой хариултыг өгнө

-Өнгөрсөн оны наймдугаар сарын 2-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас тогтоол гаргасан. Уг тогтоол нь АН-ын дарга асан З.Энхболд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъяан нараас гаргасан МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон түүний зөвлөх А.Ганбаатар нарын хоорондоо ярьсан төрийн албыг үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай, сонгуульд хэрхэн мөнгө олж болох, төрийн албыг ашиг болгон үнэлэх, албан тушаал наймаалцах талаар хоорондоо ярилцаж буй бичлэгийг 2016.06.24-ний өдөр олон нийтийн цахим хэрэгслээр тараасан.

Энэхүү бичлэгээр ил болгосон үйл явдал нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлыг дагуу шалгаж үзээд, энэ бол эвлүүлэг гэдгийг нь тогтоож, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хууль хяналтын байгууллага шалгаж, эвлүүлэг гэдгийг нь тогтоосон байхад иргэн А.Ганбаатарын нэр хүндэд халдсан гэж үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

Энэ гомдлын дагуу өнгөрсөн зургаадугаар сарын 2-ний өдөр шийдвэр гаргаж, “Эх сурвалж нь тодорхойгүй эвлүүлэг хийсэн материалаар олон нийтийн мэдээллийг хэрэгслээр тарааж, А.Ганбаатарын нэр хүндэд халдсан байна” гэсэн шийдвэр гаргасан юм. Нэгэнт бид иргэний хэрэг гэж үзэж тодорхой хуулийн байгууллагаар шийдвэрлүүлсэн учраас асуудлыг орхисон.

Гэтэл үүний дараа 90 минутын бичлэг, 40 минутын бичлэг зэрэг асуудлыг дахин гаргаж ирсэн. Цаашид 90, 40 минутын бичлэгийн асуудал дээр хуулийн байгууллага шалгасны дараа тодорхой асуудлуудыг гаргана. Бид хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг улстөржүүлэхгүй гэж өнөөг хүргэсээр ирсэн. Цаашид ч энэ бичлэгүүдтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгасны дараа тодорхой мэдээлэл өгнө.

Ингээд уг дуулианы гол хүн гэж нэрлэгдэж буй А.Ганбаатар өнөөдрийг хүртэл уг асуудлын талаар дорвитой мэдээлэл хийгээгүй тул хэлсэн үг бүр нь олны анхаарлыг татаж байлаа.

А.Ганбаатар: Хүчний байгууллагаас надад хууль сануулсан учраас би өнөөг хүртэл дуугүй явсан

Тиймээс А.Ганбаатарын хэлсэн үгийг нэмж, хачирлалгүйгээр шууд буулган уншигчдад хүргэж байна.

Тэрбээр “Би МАН-ын гишүүн. Одоо Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил гаруй хугацаанд АТГ болон цагдаа гээд хууль хяналтын байгууллагаар шалгууллаа. Мөн би хэвлэлд огт хандалгүй өнөөг хүрсэн. Яагаад энэ талаар тайлбар хийлгүй өнөөг хүрсэн маань ч тодорхой шалтгаантай. Учир нь хуулийн байгууллагаас хэргийг шалгаж байхад ямар нэг байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбар хийж болохгүй байсан юм.

Гэхдээ өнөөдөр би энэ асуудлын талаарх бодит үнэнийг олон нийтэд мэдэгдэхээр шийдсэн минь энэ. Уг бичлэгийг анх дэлгэсэн иргэн Г.Доржзодов бол 60 тэрбумын санхүүжилт босгох төлөвлөгөөг гардан зохиосон хүн. Энэ хүн бидэнд энэ схемээ танилцуулж байсан нь үнэн. Энэ уулзалт миний өөрийн хувийн компани болох “Шинэ Монгол хаад” группийн байрны дөрөвдүгээр давхрын уулзалтын өрөөнд болсон. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны төлөвлөгөөг Г.Доржзодовын схемтэй хамтатган ярилцсан нь ч үнэн.

Хаа хамаагүй, уулзалтад огт байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэн оруулсан

Гэхдээ бичлэг дээр яг уулзалтад байсан хүмүүсийн яриа байгаагүй. Харин хаа хамаагүй, уулзалтад огт байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэн оруулсан байсан. Гол нь энэ танилцуулга уулзалтаар ерөнхийдөө нийслэлийн МАН-ын хороо 2016 оны сонгуульд хэрхэн бэлтгэх, үйл ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийт рүү хандсан үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцсан. Энэ ярилцлагын үеэр л иргэн Г.Доржзодов өөрийн гаргасан, хөрөнгө мөнгө босгох санхүүгийн схемээ танилцуулсан юм.

Уулзалтад нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов болон миний бие байсан. Гэтэл энэ уулзалтын талаарх жинхэнэ үнэнийг Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар яагаад ярихгүй байгаа нь хачирхалтай санагдаж байна.

Хамгийн гол нь, Г.Доржзодов гардан хийсэн схемээ өөрөө биш биднийг хийсэн мэтээр ярьж, ойлгуулж байна. Бид олон удаагийн уулзалт зохиож байсан. Тэр бүгдэд иргэн Г.Доржзодов хамт байдаг байсан. Гэтэл тэдгээр уулзалтын бичлэгүүдээс хэсэгчилж, эвлүүлж, тараасан байна.

Энд нэг зүйлийг онцлоход, дээр дурдсан уулзалтаас 10 хоногийн дараа Г.Доржзодов бүр нарийвчилсан, тодорхой төлөвлөгөө танилцуулсан. Энэ үед тоглоом болгоод ярьсан зүйл бий. Тухайн өдөр Г.Доржзодов бид хоёроос өөр хүн байгаагүй. Гэтэл тэр яриаг хэсэгчилж, эвлүүлсэн байна лээ.

Хамгийн гол нь Г.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн бүр буруудаж байгаа юм байна. Хэрэв тийм бол тухайн өдөр хамт сонссон Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч буруудах байх. Гэтэл эд өнөөдөр энэ асуудлыг огт дуулаагүй мэтээр ярьж, бичлэгт нэр дурдагдсан хүмүүсийг намын нэр хүндэд халдлаа гэж байгаа нь сонин.

Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий. Гэхдээ хуулийн байгууллагаар шалгаж байгаа учраас зарим асуудлыг ярих боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж, хэн нь үнэн ярьсан, хэн нь үйлдэл хийснийг тогтоосны дараа би тодорхой баримт материалуудыг олон нийтэд дэлгэнэ” гэв.

Ийнхүү 60 тэрбумын асуудалд хутгалдаж, нэр хүндээрээ хохирсон А.Ганбаатар гэгч бодит үнэнийг дэлгэж, тэр үед чухам юу болсныг олон нийтэд тайлбарлалаа. Түүний ярианаас харахад, Г.Доржзодов гээч нь МАН-д нүүр олохын тулд мөнгө босгох ихэд хялбар арга санаачилснаа удирдлагуудад нь танилцуулсан байх юм. Харин тэрбээр энэ арга нь эхнээсээ дэмжлэг авахгүйг мэдэж байсан бололтой. Тиймээс МАН-ын удирдлагуудын албан болон өөр хоорондын нөхөрсөг яриаг хүртэл бичиж авсаар эцэст нь монтаж хийн нийтэд цацсан аж. Гэхдээ энэ удаад АН-тай хамтарсан нь сонгуулиар тодорхой болсон

Хамгийн гол нь, Зүүний хүчний холбооноос уг асуудлыг сүр дуулиан болгон, МАН-ын даргыг үүнд холбогдуулан суудлаа өгөхийг шаардаж байсан гэхээр Г.Доржзодов анхнаасаа нарийн зохион байгуулсан ажиллагааны гүйцэтгэгч болсон мэт. Ямартай ч олон нийт бодит үнэнийг мэдэж авлаа.

Зураг