-Засгийн газрын өнөөдрийн /2017.08.17/ хуралдааны шийдвэр-
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Сургалт судалгаа мэдээллийн төв”, "Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” байгуулахаар боллоо.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагад хариу үйлчилгээ үзүүлэх шаардлага зайлшгүй байгаа тул Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг энэ оны эхний сараас өнөөдрийг хүртэл туршилтаар ажиллуулж байна.
Энэ хугацаанд 153 хүүхэд нэг хоногоос гурван сар хүртэл хугацаагаар байрлаж хамгааллын үйлчилгээ авсан байна. Иймд “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн дэргэд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, түр хамгаалах байрыг ажиллуулах зайлшгүй хэрэгцээ байна гэж үзжээ.
Эдгээр төвийг байгуулахад улсын төсөвт дарамт учрахгүй бөгөөд төсөв хооронд зохицуулалт хийх замаар шийдвэрлэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс