Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн иргэд хүрээлэнгийн амьтдыг идэх зорилгоор хулгайлах болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн баруун бүсийн Зулиа мужийн амьтны хүрээлэнгээс зэрлэг амьтад хулгайлагдах болсныг эрх баригчид мөрдөж эхэлжээ. Тэдгээрийг хулгайч нар хүнс болгон ашигласан гэж сэжиглэж байгаа гэнэ.

Колумбийн хилийн ойролцоох Маракаибо хотын амьтны хүрээлэнгээс өнгөрсөн амралтын өдөр хоёр ширхэг зэрлэг гахайтай төстэй ховор амьтныг хулгайлжээ.

Тэднийг хүнсэнд хэрэглэхээр хулгайлсан гэдэгт итгэлтэй байгаагаа Зулиа мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Луиз Моралес хэвлэлд мэдээлсэн байна.

Венесуэл улсын социалист хэлбэрийн эдийн засаг уналтад орж, хэдэн сая хүнийг хоол хүнсний хомсдолд оруулаад байгаа. Тэнд хүмүүс тааралдсанаа идэж, хог ухаж байгааг хэвлэлүүд мэдээлсээр байна.

Энэхүү уналтыг ерөнхийлөгч Николас Мадуро Вашингтоны дэмжлэгтэй сөрөг хүчнийхэн үүсгэж байгаа гэж тайлбарладаг.

Амьтны хүрээлэнгийн дарга Леонардо Нунезийн баталж байгаагаар сүүлийн өдрүүдэд тэдний 10 төрөл зүйл амьтан хулгайн халдлагад өртөөд байгаа гэнэ. Тухайлбал нэг төрлийн одос үхрийг хулгайлж, олон хэсэгт хуваан зарж байсныг илрүүлжээ.

“Тэд энд байгаа бүх амьтдыг хулгайлж байна. Тэднийг идэх гэж хулгайлдаг нь нууц биш” хэмээн Лхагва гарагт сэтгүүлч нарт Нунез ярьсан байна. Мөн үүнээс гадна хүрээлэнгийнхэн амьтдаа тэжээх боломжгүй болсноос өнгөрсөн онд Каракасын амьтны хүрээлэнгийн 50 амьтан өлбөрч үхсэн тухай мэргэжилтнүүд мэдээлжээ.

Гэвч Венесуэлийн эрх баригчид үүнийг нууж, амьтадтай “гэр бүлийн гишүүн шигээ” харьцдаг тухай ярьж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian