Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын шаардлагыг үл тоовол есдүгээр сарын 1-нээс 32,000 багш хугацаагүй ажил хаялт зарлана

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Багш нарын цалинг нэмүүлэх зорилгоор аймаг, нийслэл хөдөө орон нутгийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй мянган багш нэгдэж "Багшийн цалинг нэмүүлэх" түр хороог байгуулжээ. Тэд Засгийн газар болон холбогдох байгууллагуудад цалинг Нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

​Шаардлагыг үл тоовол есдүгээр сарын 1-нээс 32,000 багш хугацаагүй ажил хаялт зарлана

БГД, 40 дүгээр сургуулийн бага ангийн багш Ц.Мөнхтуяа "Манай түр хороо наймдугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Аймаг бүр цалин нэмүүлэх түр хороо буюу зөвлөлийг байгуулсан байгаа. Бид фэйсбүкээр санал асуулга явуулсны дагуу Засгийн газарт гурван шаардлагыг хүргүүлэхээр болсон юм.

Шаардлагын хариуг 2017 оны наймдугаар сарын  24-ний өдөрт багтаан ирүүлэхийг шаардаж байна. 

Шаардлагыг үл тоож арга хэмжээ аваагүй тохиолдолд 2017-2018 оны хичээлийн жилийн эхний өдөр болох есдүгээр сарын 1-нээс эхлэн 32,000 багш хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна. Багш нарын нэгдсэн зохион байгуулалт, гарын үсгүүдийг шаардлагатайгаа цуг хавсаргаж өгсөн байгаа" гэв.

Багш нарын Засгийн газарт тавьж буй шаардлагад:

  1. Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг, 2017 оны есдүгээр сард багтаан 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх
  2. Багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойд тооцож, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх 
  3. Боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг дор хаяж 3,500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх гэсэн 3 заалт оржээ.
Багш нарын дийлэнх нь банканд зээлтэй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

БГД, 164 дүгээр цэцэрлэгийн багш н.Алтанцэцэг "Сургуулийн өмнөх боловсролын багшийн онцлог нь тасралтгүй 10 цаг хүүхэдтэй цуг ажилладагт оршино. Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй ажилласан ч энэ цалингаа л авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байна. Зарим үед балга ус уух завгүй ажилладаг. Тийм учраас багш нарын цалинг нэмэх нь нэн тэргүүнд тавигдах ёстой асуудал гэж үзэж байна" гэв.

Мөн энэ үеэр багш нар "Монголын багш нарын ихэнх нь банканд зээлтэй байгаа. Нэмэгдэл цалин гэж цалингийн 45 хувийг авах ёстой ч төсөвгүй гэсэн шалтгаанаар бүрэн авч чаддаггүй. 76 мянга гаруй багшийн дийлэнх нь амьдрахын эрхэнд Солонгост хараар ажиллаж байна" хэмээн ярилаа.

Багш нар хэвлэлийн хурлын дараа Төрийн ордонд шаардлагаа хүргэхээр явсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn