Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн яруу найрагчид Монголын тухай шүлэглэнэ

Т.Сайхан, Зууны мэдээ
2017 оны 8 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын соёл, яруу найргийн академи нь Дэлхийн яруу найргийн өдрүүдийг эх орондоо анх удаа зохион байгуулах гэж байна. 40 орны 200 гаруй яруу найрагч, зохиолч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох бөгөөд зарим зочид манай оронд хүрэлцэн иржээ.

Тухайлбал, Норвегийн Вангийн яруу найрагч хүлэг баатар цолтой нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Тайваний яруу найрагч Юй Си. Казахстаны суут яруу найрагч Улугбек Оразбайулы Есдаулет, Унгарын Ерөнхий сайдын зөвлөх, нэрт яруу найрагч Гиза Чекс зэрэг уран бүтээлч оролцохоо мэдэгдсэн билээ. Энэ талаар өчигдөр Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо тэргүүтэй зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Дэлхийн яруу найргийн өдрөөр хоёр томоохон үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль хэмээх агуулгын дор Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал Төрийн ордонд болно. Мөн Дорноговь аймгийн Хамрын хийдэд Данзанравжаа нэртэй олон улсын яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

Энэ наадам нь Монголын байгалийн үзэсгэлэнт газруудад уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийд нэртэй яруу найрагчид Монгол орны тухай төсөөллөө бодит болгож, шүлэг зохиол бичих нь байгаль ба соёлын өвийг олон улсад таниулан сурталчлах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн утга зохиол соёлын байгууллагууд болон Дэлхийн Урлаг соёлын академи, Европын яруу найргийн академи, Олон улсын Пен байгууллага, зохиолч уран бүтээлчдийг дэмждэг сангийн төлөөлөл яруу найрагчидтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, уран бүтээлээ олон улсад гаргах, дэлхийн оюуны зах зээлд өрсөлдөх талаар хэлэлцэх юм байна.

 

Зураг