Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Thrones” цувралын зохиолч Монголчуудын түүхээс санаа авснаа хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

HBO компанийн хит бүтээл “Game of Thrones” телевизийн цувралын зохиол болох “A Song of Ice and Fire” (Гал, Мөсний дуун) номын зохиолч Жорж Мартин ОХУ-ын Санкт Петрбург хотод ирээд байгаа юм.

Тэрээр Баасан гарагт болох уран зөгнөлт зохиол туурвигчдын олон улсын хуралд оролцох ажээ. Өчигдөр буюу Лхагва гарагт Мартин хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж ярилцсан байна.

Энэ үеэр зохиолч Оросын дундад зууны түүхийн үйл явдлуудаас авсан санаагаа дараагийн номондоо тусгах боломжтой талаар ярьжээ. “Харамсалтай нь би зөвхөн англи хэлээр ном уншдаг. Англи хэл дээр Оросын дундад зууны түүхийн ном ховор байна. Хэрвээ олдвол өөрийн шинэ зохиолд тусгахдаа баяртай байх болно” гэж Мартин хэлсэн байна. Тэр цааш нь хэлэхдээ зохиолуудад нь Оросын түүхээс санаа авсан зүйл одоогоор байхгүй, харин номонд нь гардаг Дотраки (Dothraki) аймгийнхан бол 13 дугаар зуунд Оросыг эзэлж байсан Монголчуудаас урган гарсан дүр юм гэж хэлжээ.

Тэр бас Оросын утга зохиолд дуртайгаа хэлээд “Би Наполеоныг ялагдахыг нь мэдсээр байж Лев Толстойн ‘Дайн ба Энх’-ийг дахин дахин уншдаг” хэмээн хошигносон байна.

Мартин “Game of Thrones” киноны нийтэд цацагдаагүй байгаа ангиудын зохиол хулгайлагдаж, интернэтээр тарсанд огт санаа зовохгүй байгаагаа ярьжээ. Киног гарахаас өмнө түүний номнуудад үйл явдал хэрхэн өрнөх нь тодорхой бичигдсэн байдаг тул уг мэдээлэл тарсан явдалд сандраад байх хэрэггүй, бүтээлийн эрэлтэд нөлөөлөхгүй гэж Мартин тайлбарласан юм.

Наймдугаар сарын 7-нд цацагдах байсан шинэ ангийг хоёр хоногийн өмнө тараасан хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн хүнийг саяхан Энэтхэгт баривчлаад байгаа. HBO компанийн бүтээлийг Энэтхэгийн зах зээлд түгээх эрхтэй компаниас мэдээлэл алдагдсан нь сүүлд тодорхой болсон юм.

 

Эх сурвалж: Russia Today