Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Номинчулуун: Хятадын зарим хэрэглэгчид манай нүүрсийг сонирхож байна

Б.Сумъяа, Монголын мэдээ
2017 оны 8 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

“Багануур” ХК-ийн захиралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -“Багануур”-ын уурхай ирэх жил 40 жилийнхээ ойтойгоо золгоно. Уурхайн нөөц бололцоо, түүхий эдийн чадавх ер нь хэр байгаа бэ?

 -Өнгөрсөн цаг хугацаандаа 39 жилийнхээ түүхийг бичиж, ирэх онд 40 жилийнхээ ойг тэмдэглэнэ гэдэг бол бид бүхний хувьд яах аргагүй бахархалтай үйл хэрэг. Хүний амьдралын бүхэл бүтэн нэгэн үе байна шүү дээ.

Тухайн үедээ жилд 4-6 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар жилдээ өнөөдрийн нүүрсний хэрэгцээг хангах зорилгын хүрээнд жилдээ хязгаарлагдмал байдлаар буюу 3.8-3.9 сая тонн олборлож байна.

-Илүүг олборлох зорилго бий юу?

-Аливаа бизнес хэрэгцээ шаардлагад тулгуурладаг. Үүнийг дагаж ажиллаж байгаа маань энэ. Бид эрчим хүчний системд таарсан нүүрс нийлүүлдэг. Коксжих нүүрсний шаардлага манайд байхгүй учраас үүнээс илүүг борлуулах боломжгүй байгаа юм. Харин энэ жилээс Хятадын зарим хэрэглэгчид манай нүүрсийг сонирхож эхэлж байна. Эрээн болон Бээжин хотын наад захын хотуудаас санал ирүүлсэн.

Гэхдээ их хэмжээгээр буюу ойролцоогоор жилдээ таван сая тонн нүүрс авах санал тавьсан учраас хүчин чадлаа нэмэх болж байгаа юм. Одоогийн нөөц боломжоор бол хэцүү л дээ. Манай багийн хувьд 2017 онд ажил аваад нийгмийн сайн сайхан руу чиглэсэн аян зохион байгуулах, эко орчныг бүрдүүлэхэд нэлээн анхаарч ажиллаж байна. Үүний дагуу 100 мянган тонн сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бичсэн.

Туслан гүйцэтгэгч компанитайгаа хамтарч, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан. Үүнийгээ Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь, дөрөвдүгээр сард техник, эдийн засгийн үндэслэлээ өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу нь гараагүй байна.

-Яагаад тэр вэ?

-Сайдын зөвлөлийн хурлыг хүлээж байгаа бололтой юм билээ. Гол нь, үүний ард бидний зүгээс цаг хугацаа алдаад байна. Хэрэв төсөл дэмжигдээд, хэрэгжүүлэх боломж нээгдчихвэл Улаанбаатар хотын жижиг хэрэглэгчдэд борлуулах боломжтой болно. Үндсэндээ манайх 380-400 мянган тонн түүхий нүүрсийг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулдаг.

Үүний 190 мянган тонныг нь утаагүй түлш болгоод гаргахад эргээд 300 мянган тонн түүхий нүүрстэй тэнцэх хэмжээний утаагүй түлш, сайжруулсан нүүрс болж хэрэглэгчдэд очно. Энэ асуудал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр яригдсан. Хөгжлийн банканд хөрөнгө оруулалтыг нь яаралтай хийх асуудлаар чиглэл өгсөн. Мөн бидний зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд төслөө өгсөн байгаа.

-Хэр хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа вэ?

-Хангалттай хэмнэлт хийгээд 22 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг хэрэгтэй. Ажлын байрны тухайд хуучин төмөр замд ашиглаж байсан том объект байгаа учраас тэндээ үйлдвэрлэлээ явуулахад бэлэн.

-Хятад руу нүүрс борлууллаа гэхэд тээвэрлэлттэй холбоотой дэд бүтцийн асуудал хүндрэл үүсгэдэг шүү дээ. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Яг өнөөдөр тохиролцсон зүйл арга. Гэхдээ гаргалаа гэхэд төмөр замаар тээвэрлэнэ. Дараагийн шатанд манайд чанар муутай нүүрсний хаягдал их байдаг. Дунджаар 2,100-2,200 килокалорийн илчлэг багатай нүүрснүүд гэсэн үг л дээ. Иймд үүнийгээ баяжуулах замаар 1-1.5 дахин хувиар илчлэгийг нь нэмж зах зээлд борлуулах зорилго байна. Түүнийгээ станцууд, хэрэглэгчдэд нийлүүлбэл нэмүү өртөг нэмж чадна.

Энэ чиглэлээр Өмнөд Солонгосын компани болон манай толгой компани болох “Эрдэнэс МГЛ”-ын зүгээс тус тусдаа санал тавьж, ярилцаж эхэлсэн байгаа. Жилдээ 1-1.5 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах замаар илчлэгийг нь сайжруулах тухай санал тэр хүрээнд яригдаж байна. Он гараад энэ дагуу Өмнөд Солонгос руу дээж явуулна.

Мөн Япон руу элсний аргаар баяжуулдаг шинэ технологийн туршилт хийлгэх зорилгоор дээж явуулсан байгаа. Гэхдээ элсний аргаар боловсруулах нь өндөр өртөгтэй учраас борлуулалтын үнэ өсөж таараа. Иймд шууд хэрэглэхэд хэцүү гэж ойлгож болно. Хэрэв ашгаа бодох юм бол илчлэг нь бараг хоёр хувиар өсөх энэ аргыг сонгоход алдахгүй.

Ямар ч байсан 40 жилийнхээ ойг угтаад утаагүй түлш боловсруулах, чанар муутай нүүрснийхээ илчлэгийг нэмүү өртөг шингээх замаар нэмэх гэсэн хоёр чиглэлээр шинэ үйлдвэр ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.

-Сая уурхайгаар яваад машинистуудтай уулзахад алхагч экскаваторыг 20 жил ажиллах ёстой ч танайх 37 жил ажиллуулж байгаа тухай ярьж байна лээ. Энэ нь уурхай байгуулагдсан цагаас хойш ажиллуулсан гэдэг утгаар нь бахархаж болох ч үүнийг дагаад нэг экскаватор бус танай уурхайн бүх тоног төхөөрөмж, машин техник дээр яригдах насжилтын асуудал бололтой юм билээ. Үүнтэй холбоотой зайлшгүй шинэчлэх тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт гарсан байдаг байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Жагсаалт байгаа. Ер нь бол манай ашиглаж байгаа нийт тоног төхөөрөмжийн 80 хувь нь хугацаа хэтэрчихсэн. Жишээлбэл, хөрс хуулалтын машин гэхэд 7-8 жилийн хугацаатай байдаг. Гол нь манайх өдөр, шөнөгүй ажиллуулдаг. Жолооч нь солигдохоос машин, техник нь солигддоггүй. Ээлж солигдох хоёр цагийн хугацаанд түр унтраахаас бусдаар хоногийн 22 цаг ажилладаг гэж бодохоор жил жилээр нь тооцоод үзэхээр ямар их хугацаа гарах нь ойлгомжтой.

Жижиг экскаватор гэхэд 15 жил, алхагч экскаватор 20 жил ажиллах ёстой. Гэтэл манайх 37 жил ажиллуулж байх жишээний. Энэ нь зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй гэсэн үг. Цаашид бид бүхний хувьд энэ маягаар яваад байж болохгүй. Түр зуурын засвар үйлчилгээ хийх замаар аргацаасаар байхад эргээд үйлдвэрлэлийн зардал асар өндөр болж ирж байна.

Цаашид засварынхаа зардлыг даахгүй болж ирэхээр байгаа. Иймд хуучин эд ангийг сэргээх засварын төв байгуулахаар гурван тэрбум төгрөгийн төсөл бичсэн. Харамсалтай нь, толгой компаниас шууд дэмжихэд хэцүү байх шиг байна. Санхүүтэй холбоотой асуудал л даа.

-Одоо өвөл ойртохтой зэрэгцэн нүүрсний нөөц хангалттай юу гэсэн асуудал яригддаг. Танай уурхай энэ асуултад ямар хариулт өгөх вэ?

-Өнөөдөр гэхэд авахад бэлэн, усан дээрх нүүрс 611 мянган тонн бий. Усан доор 50 мянган тонн байгаа. Өвлийн ид ачааллын үед хоёр сар манай уурхай зогсолт хийгээд ачихад асуудалгүй гэсэн үг.

Зураг