Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мөрөөдөл, Сансар, Галакси хүүхдийн зуслангууд шилдгээр шалгарлаа

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, нийслэлийн шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын ажиллагаа”-г өнөөдөр зохион байгууллаа.

Зуслангийн ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлага хангасан:

  1. Мөрөөдөл,
  2. Сансар,
  3. Галакси гэсэн гурван зусланг нийслэлийн шилдэг зуслангаар шалгарууллаа.

Шилдэг зуслангаар Сансар, Галакси зуслангууд шалгарлаа. Шилдгийн шилдэг зуслангаар “Мөрөөдөл” зуслан шалгарсан юм.

 
 

“Энэ оны зуслангийн үйл ажиллагааг дүгнэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг гаргаад зуслангуудын үйл ажиллагааны стандартад хяналт, шалгалт хийсэн.

Хүүхэд амрахад тав тухтай байр, хоол хүнс, хөтөлбөр зэрэгт нь хяналт тавьсан. Энэ жил нийслэлийн хэмжээнд 22 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан. Зуслангуудын дунд болзолт уралдаан зарласан. Өнөөдөр дүгнэж, шилдэг зуслан шалгаруулж шагнаж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ярилаа.

Гэр бүлийн ээлж гэж энэ жилээс авч эхэлсэн

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Энэ жилийн хувьд нийслэлийн ногоон бүсийг тойрсон 20 зуслан үйл ажиллагаа явуулсан.

Хоёр сарын хугацаанд 254,620 хүүхэд хүүхдийн зусланд амарсан байгаа. Мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг зуслангуудад хоёр удаагийн хяналт, шалгалтыг хийсэн.

Энэ жилийн хувьд ямар нэгэн алдаа дутагдал, хүүхдийн халдварт өвчин зэрэг гараагүй. Мөн нэг онцлог нь гэр бүлийн ээлж гэж энэ жилээс авч эхэлсэн” хэмээлээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс