Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Монголчуудын хураангуй түүх

ikon.mn
2017 оны 8 сарын 16
Монсудар
Зураг зураг

“Монсудар” хэвлэлийн газраас И.Я.Коростовецийн “Монголчуудын хураангуй түүх” номыг уншигчдын хүртээл болгож байна.

Энэхүү номын зохиогч нь 1912 оны 8 дугаар сараас 1913 оны 5 сар хүртэл Монгол дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. И.Я.Коростовец Монголд байх хугацаандаа ХХ зууны эхэн үеийн нийгэм улс төрийн байдал, эдийн засаг, нийгмийн амьдрал, аж ахуйг сонирхон судалж энэхүү бүтээлээ туурвижээ. 

Түүний бүтээл нь хэдийгээр ганц хүний өдрийн тэмдэглэл мэт боловч монголын улс төрийн зүтгэлтнүүд, монголын засгийн газрын явуулж байсан гадаад болон дотоод бодлого, Орос, Хятадын Монголын талаар явуулсан бодлого зэрэг түүхийн зангилаа асуудлуудыг баримт нотолгоотойгоор тайлбарласан нь түүний бүтээлийн нэг онцлог юм. 

Энэ номыг Германд суралцаж байсан монгол зохиолч Д.Нацагдорж 1931 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн захиалгаар эх орондоо авчран орчуулах ажилдаа орсон ч, харамсалтай нь, дуусгаж чадаагүй ажээ. 

“Монголчуудын хураангуй түүх” номонд ХХ зууны эхэн үеийн монголын гадаад болон дотоод улс төрийн нөхцөл байдал, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, улс төрийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагаа, түүгээр ч тогтохгүй монголчуудын ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг, боловсрол соёлын тухай, худалдаа наймаа зэрэг олон талын мэдлэг ойлголтыг цэгцтэйгээр өгүүлжээ. 

И.Я. Коростовец монголчуудын түүхийг сонирхон судалж байсны хувьд Чингис хаанаас эхлэн 1921 оны хувьсгал хүртэлх үе үеийн хаад, монголын төрт улсууд, тэдгээрийн задран доройтсон шалтгаан, Манж чин улс, Зүүн гарын хаант улсын харилцаа, 1921 оны хувьсгал, Монгол ардын хувьсгалт нам байгуулагдсан түүхэн нөхцөл гэх мэт монголын түүхийн бүхий л үеийг хамааруулан бичжээ. 

Номын хэсгээс... 

Да лам Цэрэнчимэд

... Халх тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд хятадуудтай байлдах нь дээр гэж үзэж байна. Өвөр Монгол, Зүүн монголын боолчлолын үнэээр Халх эрх чөлөөгөө олж авсанд орвол бүх монголчууд хамтдаа үрэгдэж үхсэн нь дээ. Монголчууд ядуу зүдүү харанхуй бүдүүлэг боловч эрх чөлөөнд дуртай, хятадуудын боол байснаа оросуудынх болохыг хүсэхгүй....

“Шинэ толь” сонины тухай 

...1913 оны хоёрдугаар сард “Шинэ толь” сонины анхны дугаарыг бид хэвлүүлж чадлаа. Сонины редактор Ц.Жамцароно монголчуудын амьдралын үнэн зөв тусгал байхыг бэлгэдэн энэ нэрийг бодож болсон байв. Монголчууд дээлийнхээ энгэрт юмуу, гутлынхаа түрийнд авч явж уншиж байхад тохиромжтойг нь бодож тус сониныг нимгэн дэвтэр хэлбэртэй гаргах болсон энэ сонин 10 копейкийн үнэтэй байлаа. Эхний дугаарын агуулгыг үзвэл: Дэлхийн бөмбөрцгийн тухай, ертөнцийн тив хэсгүүдийн тухай, тэрчлэн аянга цахилгаан гэж юу болох бөмбөрцөг дээрх төр улсуудын тухай, засаглалын хэлбэрүүдийн тухай, мөн соёл, соёлжилтын хэв маягийн тухай, Орос Монголын гэрээ болон Петербургт Монголын элч төлөөлөгчдийг хүлээж авсан тухай, дэлхийн бөмбөрцөг дээрх амьдралын тухай, арьсны өнгө, шашин шүтлэгийн тухай, хүний амь амьдралын цаг хугацааны тухай өгүүлжээ. 

Гандангийн дэнж

... Хотын бүх хэсгүүдээс өндөрт орших Гандангийн дэнж бол сүм, дуганууд болон шашны сургууль, лам нарын орон байраар дүүрсэн газар бөгөөд наац цааш эргэсэн булан тохой, муруй тахир гудамж талбайгаар хуваагдсан Хятад, Төвөд, хийц холимог байшин барилгуудын бөөгнөрөл ажээ. Лам хуваргууд хурал номдоо сууж шашны сургуульдаа ном зааж судар шастираа бясалгана. Гандан хийдийн гортиг руу эмэгтэй хүн орох нь маш ховор, эл журмыг зөрчвөл хатуу харгисаар занчиж шийтгэнэ.