Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэльчууд Америкийн империалистуудтай дайтах бэлтгэл хийхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүний эрхийг зөрчиж, дарангуйлал тогтоохыг оролдож байгаа Венесуэлийн эрх баригчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг судалж байгаа гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр Венесуэлийн нийслэл Каракаст Трампын мэдэгдлийн эсрэг томоохон жагсаал болж, ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар “империалистуудын эсрэг” дайтах цэргийн сургуулилалт хийхээр болсноо зарлажээ.

Уг цэргийн сургуулилалтад Венесуэлийн арми, иргэд оролцох ба наймдугаар сарын 26-27-ны өдрүүдэд болохыг Мадуро цугларсан олны өмнө хэлсэн байна. “Батлан хамгаалах бэлтгэлд сая сая эрэгтэй, эмэгтэй иргэд оролцоно. Америкийн империалистууд үүнийг хэрхэн хүлээж авахыг харцгаая” гэж Мадуро хэлжээ.

Өнгөрсөн Баасан гарагт Трамп түүнийг “дарангуйлагч” хэмээн хочилж, Венесуэльд үргэлжилж байгаа олон сарын үймээн самуун, тогтворгүй байдлын гол буруутан гэж зарласан юм.

“Америкийн эзэнт гүрэн хэзээ ч халдан довтолсон бид эх орноо, Боливар, Чавез нарын ариун газар шороог хамгаалах болно. Бид тулалдахад бэлэн, хэрэгтэй бол эх орончдынхоо цусаар хамгаалах болно” гэж цуглаанд оролцсон Венесуэлийн армийн офицер Нелсон Рафаэл Пинеда хэлсэн байна.

Амралтын өдрүүдэд Латин Америкт айлчилсан дэд ерөнхийлөгч Майк Пэнс “Ерөнхийлөгч Трампын тодорхой хэлсэнчлэн бид Венесуэлийг дарангуйлал руу унаж байгааг зүгээр хараад суухгүй” гэж Колумбийн Картагенад байхдаа мэдэгдсэн юм.

Тэр бас “Венесуэл улс унаж доройтох нь бөмбөрцгийн баруун хагасын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд аюул учруулахаас гадна АНУ-ын ард иргэдэд муу нөлөөтэй” гэж хэлсэн байна.

Трампын мэдэгдлийн өмнө Вашингтон Венесуэлд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.

Газрын тосноос хамааралтай эдийн засаг нь уналтын байдалд орж, инфляцийн хэмжээ нь гурван оронтой тоогоор илэрхийлэгдэх болсон Венесуэлийн байдал өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тогтворгүй байгаа. Энэ хугацаанд засгийн газар, иргэдийн хооронд олон удаа мөргөлдөөн болж, нийтдээ 120 гаруй хүний амь үрэгдээд байна.

Харин өнгөрсөн сард Мадуро бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуулийг өөрчлөх дээд байгууллагыг сонгосон нь өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн арга хэмжээ гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today, Reuters