Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын эсрэг авсан НҮБ-ын шинэ хоригийг Хятад улс хэрэгжүүлж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын хэд хэдэн бүтээгдэхүүнийг өнөөдрөөс буюу Мягмар гарагаас эхлэн импортлохыг хориглох шийдвэрийг Хятадын Худалдааны яам өчигдөр гаргажээ.

Үүнд нүүрс, төмрийн болон хар тугалгын хүдэр, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн багтаж байна. Энэ шийдвэр нь НҮБ-ын сүүлд тавьсан хоригийг Хятад улс хэрэгжүүлж байгаа явдал юм.

Наймдугаар сарын 6-нд гаргасан НҮБ-ын тогтоолыг 30 хоногийн дотор гишүүн улсууд хэрэгжүүлэх ёстой. Тиймээс Хятадыг чиглэн нэгэнт ачигдсан бүтээгдэхүүнүүдийг есдүгээр сарын 5-ныг дуустал хүлээж авахаа Бээжин мэдэгдсэн байна. Харин өнөөдрөөс хойш ачигдсан бүтээгдэхүүнийг хил дээрээс буцаах ажээ.

Үүнээс өмнө Хятад улс Хойд Солонгосын нүүрсний экспортод хэсэгчлэн хориг тавьж байсан бол энэ удаа бүрэн хэмжээгээр хориглох гэнэ.

Эдийн засгийн хувьд хамгийн их дарамт учруулна гэж тооцож байгаа шинэ хориг Хойд Солонгосын экспортын орлогыг $1 тэрбумаар бууруулахаар байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters