Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Япончууд дайнд бууж өгснийхөө 72 жилийн ойг тэмдэглэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрөөс яг 72 жилийн өмнө Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, холбоотнуудад бууж өгсөн юм.

Уг түүхэн үйл явдлыг тохиолдуулан Токиогийн Ниппон Будокан ордонд тус улсын эзэн хаан, хатан, ерөнхий сайд, амиа алдагсдын төрөл төрөгсөд болох 5,000 орчим хүн цуглаж, дайнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ үг хэлэхдээ дайны гай гамшгийг давтахгүй байхаа амлаж, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм. Гэхдээ тэр дайны үеэр Азид үйлдсэн Японы эзэн хааны армийн харгислалын талаар дурдалгүй өнгөрч, бас дайн хийхгүй гэж амлаагүй байна.

Абэ ерөнхий сайд байх хугацаандаа таван удаа ийм арга хэмжээнд үг хэлснээс ганц ч удаа дайны гэмт үйлдэлд харамсаж байгаагаа хэлээгүй юм. Тэгвэл бусад ерөнхий сайд нар 1994 оноос хойш янз бүрийн хэлбэрээр харамслаа илэрхийлж байжээ.

2016 оноос үйлчилж эхэлсэн Японы батлан хамгаалах шинэ хуулинд тус улсын зэвсэгт хүчнийг өөрийнх нь нутаг дэвсгэрт халдан довтлоогүй байсан ч гадаад улс оронд байлдааны ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн юм. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Япон улс анх удаа ийм эрхтэй болсон гэсэн үг.

Эзэн хаан Акихито, хатан Мичико нарын хувьд 2018 оны сүүлээр хаан ширээнээс буух тул оролцсон сүүлийн арга хэмжээнүүдийнх нь нэг болж байгаа.

Ниппон Будокан ордонд цуглагсад үдийн 12 цагт дайнд үрэгдсэн 2.3 сая цэрэг, 800,000 иргэний дурсгалыг хүндэтгэн нэг хором дуугаа хураасан юм.

Үрэгдсэн энгийн иргэдийн ихэнх нь Хирошима, Нагасакид хаясан Америкийн атомын бөмбөг, Окинавагийн тулаан, бусад агаарын довтолгоонуудад өртсөн түүхтэй.

Цуглагсдын дотор хамгийн ахмад нь 101 настай иргэн байсан бол хамгийн залуу нь 6 настай балчир байжээ. Энэ удаагийн ёслолд ердөө зургаан бэлэвсэн эхнэр оролцсон нь өмнөх арга хэмжээнүүдээс хамгийн цөөн тоотой нь болж байна. Мөн оролцогсдын дөрөвний нэг нь дэлхийн хоёрдугаар дайны дараа төрсөн иргэд байжээ.

 

Эх сурвалж: Japan Today