Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Канад сан Монгол Улсад 20 дахь удаагийн санхүүжилтээ олголоо

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Канад улсын Засгийн газраас дэлхийн хөгжиж буй 100 гаруй улсад хэрэгжүүлдэг "Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр" нь Монгол Улсад 1997 оноос хэрэгжиж эхэлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 13 шилдэг төсөл шалгарч, нийт 175,000 канад долларын санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчдэд гардуулж, гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. 

Арга хэмжээнд Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйд Жейгэр болон төсөл хэрэгжүүлэх төрийн бус байгууллагууд оролцлоо.

Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйд Жейгэр "Энэ жил Канад улсын 150 жилийн ой тохиож байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 400 гаруй төсөл хөтөлбөрүүдэд зургаан сая гаруй канад долларын буцалтгүй тусламжийг нийт 21 аймгийн 240 гаруй суманд төслийн тэтгэлэг хэлбэрээр үзүүлсэн.

Хоёр улсын хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэж бодож байна. Хоёр жил хагас энд амьдрах хугацаанд Монгол Улсын нөхцөл байдал маш сайжирч байгааг харахдаа баяртай байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn
Канад сангаас санхүүжилт авсан шилдэг төслүүд

Энэ удаагийн шалгарсан төслүүдэд хүний эрхийг дээдлэх, нийгмийн хөгжлийг хангахад чиглэсэн төслүүд багтсанаараа онцлог аж.

Тухайлбал:

  • Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ХДХВ/ДОХ/БЗХӨ-ны Тандалт судалгааны албаны зөвлөгөө өгөх өрөөний тохижилт;
  • "Түгээмэл хөгжил" бие даан амьдрах төвөөс хэрэгжүүлэх "Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж" төсөл;
  • Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хэрэгжүүлэх сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгуулах замаар орон нутгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төсөл;

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх  Нийгмийн хамгааллын  тусгай төвийн хэрэгжүүлэх нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн тогтвортой ажлын байрыг дэмжих зорилготой төслүүд тус тус багтжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр" нь:

  • жендэрийн тэгш байдлыг хамгаалах,
  • эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол зэрэг хүний хөгжлийн суурь асуудлыг дэмжих,
  • хүний эрх, засаглал, ардчиллыг бэхжүүлэх,
  • тогтвортой ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих,
  • уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, байгаль орчны тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн байна.

Хөтөлбөрт нийт 750 гаруй төслийн санал ирүүлснээс Улаанбаатар, Булган, Өвөрхангай зэрэг аймгуудад хэрэгжих 13 төслийг шалгаруулжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn