Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк Хятадын зах зээлд нууцаар нэвтрэх гэж оролдов уу?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк Таймс сонин Фэйсбүүк компани гэрэл зураг хуваалцдаг iOS аппликэшнаа нууцаар Хятадын App Store-т гаргасан болохыг олж мэдээлжээ.

Үүний дараа Хятад хэлнээс орчуулбал “Colorful Balloons” нэртэй уг аппликэшний тухай мэдээ гадаадын хэвлэлүүдээр хүчтэй тархсан ч Хятадын зах зээлд нам гүм өнгөрсөн байна. Фэйсбүүк компани Хятадын зах зээлд өөрийн сүлжээг нэвтрүүлэхээр олон жил зүтгэж байгаа ч үр дүн муутай байгаа. Тэгвэл энэхүү аппликэшнийг нууцаар гаргасан нь тэдний туршилт, эсвэл эхний жижиг алхам байж магадгүй байна.

Нууцаар гэсний учир нь уг бүтээгдэхүүнээ тэд өөрийн нэрээр биш, YouGe гэсэн хөгжүүлэгчийн нэрээр гаргажээ. Түүнтэй ижил зориулалтын Moments аппликэшн Фэйсбүүкт байдаг ба Хятад хувилбарынх нь айкон, функцүүд тун төстэй байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сард гаргасан аппликэшний эрэлт тун бага байгаа нь аналитик системүүдээс харагдаж байгаа ба Фэйсбүүк огт сурталчилгаа явуулаагүйтэй нь холбоотой байх. Анх гарсан цагаасаа хойш “Photo and Video” ангилал дотор 313 дугаарт эрэмбэлэгдэж байжээ.

Харин Нью Йорк Таймсын мэдээ гарсны дараа дээшилж, тус ангиллын 46 дугаарт бичигдсэн ч нийт аппликэшний таталтын тоогоор 758-д жагсаж байна.

Гэхдээ энэ нь мэдээлэл гарсантай холбоотой сониучирхлаас үүдэлтэй болохоос топ жагсаалтад орохуйц үзэгдэл биш юм. Хятадын хэрэглэгчдийн хандлага ч тааруу байна. Зарим нь Фэйсбүүкийг “хэт нэг хэвийн, уйтгартай” хэмээн шүүмжлээд Хятадад түүний оронд Google-ийн хайлт орж ирэх хэрэгтэй байна хэмээн бичжээ. Нөгөө нэг хэсэг нь Фэйсбүүкийг өөрсдийн Вэйбо үйлчилгээнээс илүү гарах зүйлгүй гэж шүүмжилсэн байна.

Уг аппликэшний талаар Фэйсбүүк компани албан ёсны тайлбар хийгээгүйг хэвлэлүүд мэдээлжээ.

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн Хятадын зах зээлд бизнесээ өргөжүүлэх хүсэл маш их байгаа. Тэр үүний төлөө мандарин хэл сурч, Бээжингийн утаан дунд гүйж PR хийж байсан удаатай. Гэхдээ улс төрийн шалтгаанаас илүүтэйгээр Фэйсбүүкийг Хятадын хэрэглэгчид хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz