Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

А.Дашдаваа: Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаархи хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулж байгаа юм. Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хэлэлцүүлэг өнөөдөр Эрдэнэдалай сумаас эхэллээ.

Тав дахь шатны хэлэлцүүлэг болж байна

 Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар  “Манай аймгийн хувьд сумдыг бүсчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн хэлэлцүүлгийг  гурван суманд зохион байгуулж, ард иргэдэд танилцуулна.

Эрдэнэдалай, Сайнцагаан, Говь-Угтаал сумдад хэлэлцүүлэг болох юм.

1992 онд Үндсэн хуулийг шинэчлэн батлахад бидний дийлэнх нь хүүхэд байсан бол өнөөдөр  эрийн цээнд хүрч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахад санал бодлоо өгөх боломжтой болжээ” хэмээн онцлов.

Тухайлбал, зөвлөх Ж. Батсайхан “Бид одоогийн мөрдөж байгаа ардчилсан Үндсэн хуулийг 25 жил даган  мөрдөж байна.

Энэ хугацаанд  Үндсэн хуульд зохих ёсны өөрчлөлт оруулах талаар бүх төвшинд ярьсан.

Тодруулбал, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд  удаа дараа эрдэм шинжилгээний бага хурал хийсэн.  

Өмнө нь УИХ-ын гишүүд хэд хэдэн удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж байсан.

 

Хамгийн сүүлд 2015 онд УИХ-д нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан.

2016 онд шинэ Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газраас анх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж ажиллуулсан юм. Ажлын хэсэг бүх аймаг, орон нутагт уулзалт зохион байгуулж, судалгаа хийж, санал, дүгнэлт гаргасан.

Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн  төслийн талаар ажлын хэсэг байгуулан ажиллаад, УИХ-аас Зөвлөлдөх санал, асуулгын тухай хуулийг баталсан.

Уг хуулиар улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлаар ард нийтийн дунд санал, асуулга явуулах зорилготой.

Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол юун түрүүнд ард нийтийн дунд санал, асуулга явуулахаар тусгасан.

Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг долоон үе шаттай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Одоо тав дахь шатны хэлэлцүүлэг болж байна” гэлээ.

Хэн олон ах, дүүтэй нь багийн Засаг даргаар сонгогдож байна

 

Хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэдалай сумын иргэн С.Мөнхбаатар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон.

Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2 дугаар зүйл заалтыг дэмжиж байгаа.

Учир нь, баг, хорооны Засаг даргыг ард иргэдээсээ сонгодог нь олон талын сөрөг үзүүлэлттэй болох нь харагдаж байна.

Хэн олон ах, дүүтэй нь багийн Засаг  даргаар сонгогдож байна.

Тиймээс цаашид сумын Засаг дарга нь багийн даргаа сонгодог болох нь зөв гэж үзэж байна.

Мөн багийн Засаг дарга  нь боловсролтой, төрийн мэргэшсэн албан хаагч байх хэрэгтэй” гэсэн юм.

Хөдөө орон нутагт нутаг дэвсгэр засаг захиргааны асуудлаар шийдвэрлэх маргаан нэлээдгүй байдаг юм байна.

Адаацаг сумын иргэн Н.Лхагваа “Сүүлийн үед сумд хооронд газрын маргаан их гарах боллоо.

Энэ нь нүүдэлчин бидэнд нэлээд төвөгтэй болж эхэлж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 57 дугаар зүйлд Улсын чанартай хот байгуулах гэж тусгасныг дэмжиж байна.Томоохон хотууд эдийн засаг, төсвөө бие даан бүрдүүлдэг.Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой.

Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой.

Иймээс цаашид томоохон, хүн ам ихтэй аймаг, сум хот болох хэрэгтэй.

Энэ томоохон хотууд нь оршин суугчдадаа үйлчилдэг, захирагчийн ажлын албатай байвал сайн байна” гэж Эрдэнэдалай сумын иргэн А.Дашдаваа ярилаа. 

Хэлэлцүүлэгт Хулд, Луус, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг сумын төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилчин, албан хаагч, ард иргэд зэрэг нийт 150 гаруй хүн оролцож саналаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.