Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Николай II хааны тухай маргаантай түүхэн киног ОХУ-ын засгийн газар дэлгэцэнд гаргахаар шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Оросын эзэн хаан Николай II-ын залуу цагийн хайр дурлалыг харуулсан киног дэлгэцэнд гаргах зөвшөөрлийг ОХУ-ын соёлын яам өгчээ.

Уг бүтээлийг Үнэн алдартны шашныхан, бусад хуучинсаг үзэлтэй хүмүүс, байгууллагууд эсэргүүцэж, дэлгэцэнд гаргахыг нь хориглохыг шаардаж байсан юм.

Гэвч “Матильда” нэртэй уг киног дэлгэцэнд гаргах зөвшөөрөл өгснөө соёлын яам өчигдөр зарлажээ. Бүтээлд Николай II хаан гэр бүлгүй залуу байхдаа Польш цустай, бүжигчин охин Матильда Кшесинскаяд дурлаж байсан түүхийг үзүүлсэн юм.

Яамны кино албаны дарга Вячеслав Телнов “Матильда”-д хууль дүрэм, хэм хэмжээнээс хэтэрсэн зүйл байхгүй гээд орон даяар гаргах эрхийг кинонд өгсөн, харин орон нутгийн захиргаа бүр тус тусдаа гаргах эсэхээ шийдэх боломжтой гэжээ.

“Матильда” киног 1917 оны Большевик хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан гаргаж байгаа юм. Николай II-ыг Оросын үнэн алдартны сүм хийд 2000 онд хутагтаар өргөмжилж байсан тул түүнийг ийм байдалтай дэлгэцэнд үзүүлэхийг эсэргүүцсэн байна.

Киног хориглох хөдөлгөөнийг 2014 онд Орост нэгтгэгдсэн Крымийн ерөнхий прокурорын албыг хашиж байгаад дараа нь төрийн Думын гишүүн болсон Наталья Поклонская тэргүүлж байжээ.

Мөн Чечений засгийн тэргүүн Рамзан Кадыров “Матильда”-г муслим хүн ам голлодог Хойд Кавказийн бүс нутагт хориглох хэрэгтэй гэж мэдэгдээд уг бүтээл нь шашны итгэл үнэмшлийг санаатай гутаан доромжилсон агуулгатай гэж хэлж байв.

Киноны танилцуулга трейлэрт залуу ханхүү, бүжигчин охин хоёрын романтик харилцааг тод үзүүлсэн нь хуучинсаг хэсгийнхний дургүйг хүргэжээ.

Кинонд өгүүлсэн хайр дурлал 1894 онд эцэслэж, Николай нь хожим хатан хаан Александра гэгдэх болсон Германы гүнжтэй гэрлэсэн юм. Кшесинская сүүлд хааны үеэл гүн Александр Владимировичтай гэрлэж, 1971 онд нас баржээ.

Шүүмжлэгчид мөн Николай хааны амьдралын бодит түүхийг гуйвуулсан гэж бүтээгчдийг нь буруутгаж байв. Гэвч найруулагч Алексей Учитель шүүмжлэлийг няцааж, Оросын хэд хэдэн томоохон найруулагчдын дэмжлэгийг авсан юм.

Эзэн хаан Николай II гэр бүлийн хамт 1918 оны долдугаар сард Большевикуудад алагдсан түүхтэй.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty