Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

10 дугаар сард дэлхийд ойртох астероидын талаар мэдээллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ирэх аравдугаар сарын 12-ны өдөр байшингийн хэмжээтэй астероид манай дэлхийд ойрхон нисч өнгөрөх тухай Европын Сансрын Агентлаг өчигдөр мэдээллээ.

Сансрын чулуулаг биет энэ үед дэлхийгээс 44,000 км зайнд ойртох гэнэ. Энэ нь дэлхийгээс сар хүртлэх зайны наймны нэг гэсэн үг юм. Харьцуулбал бидний ашигладаг геостационар хиймэл дагуулууд дэлхийгээс хамгийн гол нь 36,000 км зайнд ажилладаг.

Ойртох астероид нь дэлхийтэй мөргөлдөхгүй гэдгийг тус агентлагийн судлаачид батлан хэлж байна. 2012 TC4 нэртэй уг астероид 2012 оны аравдугаар сард анх манай дэлхийд ойртохдоо дээрх зайнаас хоёр дахин холуур өнгөрсөн ажээ.

Астероидын өргөн 15-30 метр, 14 км/секунд хурдтай нисч яваа. Судлаачид түүнийг энэ онд дэлхийд дахин ойртоно гэдгийг мэдэж байсан ч хэр ойртохыг нь сая л тооцоолох боломжтой болж байгаа юм.

Одоо Чили дэх тус агентлагийн телескоп 56 сая километр зайнд яваа астероидыг ажиглан, траекторыг нь хэмжиж байгаа гэнэ. Харьцангуй ойрхон өнгөрөх тул манай дэлхийн сансрын агентлагууд хамтран сансрын биетээс дэлхийг хамгаалах сургуулилалтыг хийхээр болсон байна.

Астероидууд бол манай нарны системийг үүсэн бий болох үеэс үлдсэн чулуулаг хэлтэрхийнүүд юм. Олон сая ийм астероид манай нарны аймагт байдгийн ихэнх нь Ангараг, Бархасбадь гарагуудын тойрог замын дунд оршдог.

2013 онд ОХУ-ын Челябинск хотын ойролцоо 20 метр өргөнтэй сансрын биет агаар мандалд орж ирж дэлбэрэхдээ Хирошимад хаясан атомын бөмбөгийг 30 дахин нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээний кинетик энерги үүсгэж байв.

Үүнээс болоод 5,000 орчим байшингийн цонх хагарч, 1,200 гаруй хүн гэмтэж байжээ. Дээр өгүүлж буй астероид хэрвээ манай дэлхийн агаар мандалд орж ирвэл Челябинскийн гамшигтай адил үзэгдэл болох гэнэ.

 

Эх сурвалж: Japan Times