Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нар цалингаа хоёр дахин нэмэхийг шаардав

Өглөөний сонин
2017 оны 8 сарын 11
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх шат дараатай арга хэмжээг авахаар түр хороо байгуулахаар болжээ. Өчигдөр болсон цуглаанд нийслэл хотын багшаар ажиллаж буй 50 багш цуглаж, асуудлыг хэлэлцсэн байна.

Тэд энэ удаад 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлөө байгуулж, эхний ээлжинд нийслэл болон хөдөө орон нутгийн багш нарын гарын үсгийг цуглуулан, Засгийн газарт цалингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардах бичиг хүргүүлэхээр болжээ. Энэхүү шаардах бичигт ямар нэгэн хариу өгч, шийдвэртэй алхам хийхгүй бол дараагийн шатанд шилжинэ гэдгээ хэлж байна.

Засгийн газрын зүгээс энэхүү шаардлага болон багш нарын нийгмийн асуудалд анхаарч бодит алхмууд хийхгүй бол зохих зөвшөөрлийн дагуу тайван жагсаал хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн нийгэмд үнэн зөв мэдээлэл өгч, багш нарын өнөөгийн асуудлыг дэлгэж хэвлэлийн бага хурал ойрын хугацаанд зарлахаар болжээ.

Энэ талаар багш М.Мөнхтуяа хэлэхдээ "Өнөөдөр эхний ээлжинд нийтдээ 50 багш цуглаж, багш нарын түр хороо байгуулаад байна. Түр хорооны Удирдах зөвлөлд 15 хүн байх ба гурван хүн ахална. Одоогийн байдлаар багш нарын цалин маш бага, хаанаа ч хүрэхгүй байгааг нийгэм даяараа мэдэж байгаа шүү дээ. Бид зуны амралтын мөнгөө аваад, шууд цалингийн зээлэнд өгөөд таардаг нь үнэн. Багш нар маш их стресстэй, ямар ч амьдралын баталгаагүй амьдарч байна. 

Тийм учраас би сэтгэлийн бухимдлаа илэрхийлж багш нарын группт пост бичсэн. Бичсэн пост маань нийт багш нарт дохио өгч, жагсах хүртэл үйл ажиллагаанд нэгдэх эхлэл болсон юм. Миний санаа бодлыг дэмжиж, энэхүү цалин нэмэгдүүлэх жагсаалд нэгдэх хүсэлтэй арван мянган багш одоогоор нэгдээд байна. Түр хороо өнөөдөр зөвлөлдөж байна. Зөвлөлдөөд дараагийн шатанд хэвлэлийн бага хурал зарлана.

Энэхүү хэвлэлийн бага хурлын өдөр нь хараахан товлогдоогүй байгаа хэдий ч ойрын өдрүүдэд зарлана. Бид нарын хамгийн эхний эрх зөрчигдөж байгаа асуудал цалингийн асуудал л байна. Гар дээрээ 500 мянган төгрөг авч байгаа багш хүн өнөөдрийн энэ нийгэмд яаж амьдрах вэ. Захын үйлчлэгч энэ хэмжээний цалинг хангалттай авч байна шүү дээ.

Тэгэхэд ардын багш энэ цалинг авч, талыг нь цалингийн зээлэнд өгөхөөр үлдсэнээр нь амьдралаа яаж ч зохицуулах арга байхгүй шүү дээ. Хэрэв цалин нэмэхгүй бол багш нарын төлөөлөл талбай дээр тайван жагсаж Засгийн газарт сануулга өгнө. Тэгээд энэ асуудлыг авч хэлэлцээд цалин нэмэхгүй бол хичээл хаялт зарлана. Одоогийн байдлаар нөхцөл байдлаа үнэлээд хуралдаад явж байна" гэв.

Зураг