Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Иракийн шүүх Исламын улсын 27 гишүүнд дүүжлэх ял оноолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Бөөнөөр булсан шарилын газарт мөргөж буй Ирак цэрэг

2014 оны зун гар хоосон 1,700 орчим эрэгтэйг бөөнөөр хядсан хэрэгт холбоотой Исламын улс бүлэглэлийн 27 гишүүнд дүүжилж хороох ялыг Иракийн шүүхээс өчигдөр оноожээ.

2014 оны зургаадугаар сард хойд Иракийн Спейчэр хуаранд цэрэгт татах ажиллагаа явагдаж байх үеэр хөрш Сирийн нутгаас Исламын улс бүлэглэл гэнэтийн довтолгоо хийсэн юм. Тухайн үед 4,000-11,000 эр Тикрит хотын ойролцоох уг хуаранд цуглаад байсан гэдэг. Террористууд олзолсон эрчүүдийг Шиа, Суннит, муслим бишээр нь ялган хуваагаад Суннитын урсгалын биш шүтлэгтэй 1,095 хүнийг хядсан гэж Иракийн засгийн газар тооцоолсон байдаг юм. Гэвч бодит тоо 1,700 хүрсэн гэж бусад байгууллагууд үздэг.

Хохирогчдыг машинд ачин өөр өөр газруудад хүргэж, буудах, толгойг нь авах, цавчих зэрэг аргуудаар хөнөөсөн байна.

Тэдний заримын цогцос Тигр мөрний усанд хөвж явсан ба сүүлд 2015 онд чөлөөлөгдөх үед 12 хэсэг бөөнөөр булсан цогцос олдож байжээ.

Энэ удаагийн шүүхийн шийдвэрээс өмнө 2016 оны наймдугаар сард уг хэрэгт оролцсон 36 этгээдийг мөн дүүжилж хороосон юм. Ирак дахь Исламын улс бүлэглэлийн сүүлчийн төв Мосул хотыг чөлөөлсний дараа тус бүлгийн 5,000 гаруй гишүүнийг хорьж, шүүж байгаа юм.

Тэдний хоригдож байгаа орчин нөхцөл маш муу, Иракийн армийнхан олзлогсдыг зовоон тарчлаах, зодох, заримыг нь шүүлгүйгээр цаазалж байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжилжсээр байна.

 

Эх сурвалж: Independent