Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гуам руу харвасан пуужинг Япон улс замаас нь устгахаа мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Гуамын арал руу харвасан Хойд Солонгосын пуужинг Япон улс амдаж устгахад бэлэн гэж тус улсын батлан хамгаалахын сайд Ицунори Онодера өнөөдөр парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгдлээ.

Тэрээр өөр улсын харвасан пуужин газар нутаг дээгүүр нь өнгөрөх бол Япон үндэстний оршин тогтнолд аюул учруулж байгаа явдал тул ингэх эрхтэй гэж тайлбарлажээ.

Тиймээс далайд байрлаж байгаа Aegis хөлөг онгоцны ус-агаар ангиллын пуужингаас хамгаалах системийг идэвхжүүлэхээр төлөвлөсөн байна.

Онодерагийн хэлсэн үг Япон улсын зэвсэгт хүчний номлол өөрчлөгдсөн болохыг батлан харуулж байгаа юм. Өмнө нь Япон улс зөвхөн өөрийн газар нутгийг чиглэсэн пуужинг эсэргүүцэх хуультай байсан. Тэгвэл өнгөрсөн оноос хэрэгжих болсон батлан хамгаалахын шинэ хуулиар АНУ болон бусад холбоотнуудын газар нутагт чиглэсэн халдлагыг зогсоох үүрэгтэй болсон юм.

Хойд Солонгосын өнөөдөр өглөө зарласан төлөвлөгөө ёсоор Гуамын арал руу харвах пуужин нь Японы Шимане, Хирошима хотууд болон Кочи мужийн дээгүүр нисэн өнгөрөх ажээ. Гэвч зарим мэргэжилтнүүд одоогоор Японд Гуамын арал руу чиглэсэн пуужинг унагах зэвсгийн чадвар байхгүй гэж дүгнэж байна.

 

Эх сурвалж: Japan Today