Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт-Овоотын төмөр зам дагасан хүлээлтүүд

ikon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дарга Васильев Максим Викторович саяхан эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцахдаа “Эдийн засгийн коридор байгуулах нь Монголын хувьд тун чухал асуудал. Маш хүчирхэг хоёр улсын дунд байгаа Монгол Улс нь энэ коридорын тусламжтайгаар эдийн засгийн ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь чухал бөгөөд үүнийг сайн боловсруулах хэрэгтэй” хэмээн хэллээ.

Эдийн засгийн коридор нь 2016 оны 6 сард Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар батлагдсан 32 хамтарсан хөтөлбөр билээ.

  • Тээврийн дэд бүтцийн чиглэлээр 13,
  • Аж үйлдвэрийн салбарын чиглэлээр 2,
  • Хилийн боомтын шинэчлэх чиглэлээр 1,
  • Эрчим хүчний чиглэлээр 5 гэх мэтчилэн нийт 32 төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон.

Үүнээс хамгийн олон төсөл хэрэгжүүлэхээр баталсан нь Тээврийн дэд бүтцийн чиглэл.

Тээврийн дэд бүтцийн 13 төсөл Төмөр замын Төв, Хойд, Баруун, Зүүн дөрвөн коридороор эхэлж буй. Ач холбогдлоор нь дараалуулсан учир энэ дөрвөн төмөр замын чиглэлд гурван улсын тэргүүн нар ихээхэн ач холбогдол өгч буйгаа илтгэсэн гэсэн үг. Цаашилбал, тавдугаарт Түмэн голын тээврийн коридор гэхчлэн үргэлжилдэг. Дээрх 32 төслөөс манай талаас хэрэгжиж байгаа нь тун барагтай байгаа.

Эдгээрээс ганц хөдлөх гэж байгаа нь Эрдэнэт-Овоотын төмөр зам буюу Эдийн засгийн Хойд коридорын төмөр зам. Эрдэнэт-Овоотын төмөр замыг Австралийн “Аспайр майнинг” компани өөрсдөө хөрөнгө санхүү босгож барьж байгуулна. Бусад төсөл яагаад хөдлөхгүй байна вэ гэвэл Монголын төр засаг санхүүгийн хүндрэлд орсонд л хамаг учир нь байгаа юм.

Гэтэл хамтарсан төсөл батлагдсан 2016 оны 6 сараас хойш баруун чиглэлээр явах Курагино-Кызыл-Цаган толгой-Урумчи, зүүн чиглэлээр явах Курагино-Кызыл-Цагаан толгой-Эрдэнэт-Бээжин-Тяньцзинь чиглэлийн төмөр замыг ажлыг БНХАУ-ын тал эхлүүлчихээд байна.

Оросуудын хүлээлт

Төмөр замын дөрвөн чиглэл, тэр дундаа ажил нь эхлээд байгаа Хойд чиглэлийн төмөр зам манай хоёр хөршийн анхаарлын төвд байнга байгаа гэдгийг онцолмоор байна. Энэхүү замыг “БНХАУ-ОХУ-Европын хооронд хийгдэх худалдаа, тээврийн хамгийн дөт зам мөн” гэж Европын логистикийн “Transcare” компани судалж тогтоожээ. Иймдээ ч БНХАУ-ын “Нэг бүс – нэг зам” болон гурван улсын “Эдийн засгийн коридор хөтөлбөр”-т тусгалаа олоод байгаа юм.

Эрдэнэт-Овоотын төмөр бол дан ганц Овоот ордод зориулсан зам биш юм. Энэ замаар ОХУ-ын коксжих нүүрс болон БНХАУ-ын Европ чиглэлийн ачаа тээвэр хөврөх болно. Төсөл гурван үе шаттай үргэлжилнэ. Нэгдүгээр үе шат нь Эрдэнэт-Овоот, хоёрдугаар үе шат нь Овоот-Арц суурь (Туватай хиллэдэг хилийн боомт), гуравдугаар үе шат нь Арц Суурь-Кызыл юм.

ОХУ-ын хувьд энэхүү төмөр замыг хүлээн байгаа учир нь Тувагийн нутаг дахь Улуг Хэмийн бүлэг ордод коксжих нүүрсний дөрвөн том төсөл тээврийн асуудлаа шийдээгүй байна. Элегест (895 сая тонн), Межегей (765 сая тонн), Центральный (639 сая тонн), Каа-Хемский (200 сая тонн) гэсэн дөрвөн том төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 47 сая хүртэл тонн коксжих нүүрс олборлоно. Овоот-Арц суурийн төмөр замтай Арц суурь-Кызылийн 330 км төмөр зам холбогдсоноор энэ бүлэг орд хөдөлгөөнд орох аж.

Транссибирийн төмөр замын Байгаль нуурын тойрог хэсэгт ачаа тээвэр ихээхэн саатдаг. Галт тэрэг энэ тойрогт хурдаа хасдаг учир тээвэрлэлтийн түр “амсхийлт”, “түгжрэл” үүсдэг байна. Иймд ачаа тээврийг хурдлуулах нэг зам нь Хойд чиглэлийнх буюу Эрдэнэт-Овоот-Арц суурийн төмөр зам болоод байна.

Хятадын хүлээлт

БНХАУ-ын хувьд энэхүү төмөр замыг хүлээж буй. 2016 оны 6 сарын байдлаар Хятад, Европын хооронд ачаа тээврийн 1881 галт тэрэг аялж, 17 тэрбум ам.долларын өртөгтэй экспорт, импортын бараа тээвэрлэжээ.

Харин Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооны гаргасан төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд Хятад болон Европын хотуудын хооронд жилдээ ачааны 5,000 галт тэрэг явуулна гэсэн зорилт тавилаа. Энэ нь Хятад-Европын хооронд төмөр замын тээврээр жилд 50 тэрбум ам.долларын ачаа тээвэрлэгдэнэ гэсэн үг юм. Энэхүү их мөнгөний урсгалын нэг гол зам нь “Эдийн засгийн Хойд коридор” гарцаагүй болно. Манай улс Хятадын “Нэг зам – Нэг бүс” хөтөлбөрийг дэмжиж байгаа. 65 орон хамрагдаад байгаа энэхүү төсөл дэлхийн хүн амын 60 хувийн хөгжилд үр нөлөөгөө үзүүлэхээр байна.

Монголын хүлээлт

ОХУ болон БНХАУ-ын тал энэхүү төмөр замыг ийнхүү хүлээж байх дор манай УБТЗ ч энэхүү төмөр замын туузыг саяхан баяртайгаар хайчилсан нь тун чиг учиртай. Хойд чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар төмөр замын 2030 он хүртэлх хөгжүүлэх хөтөлбөрт тусгалаа олсон. УБТЗ 2030 онд ачаа тээвэрлэлтийн хэмжээг 73.7 сая тонн (их хувилбар) хүртэл өсгөнө” гэж тусгасан байгаа. Энэ нь ачаа тээврийг бараг хоёр дахин нэмнэ гэсэн үг юм. Мөн хос зам, цахилгаан замтай болох хэтийн ирээдүй ч Эрдэнэт-Овоотын төмөр замгүйгээр урагшлах аргагүй юм.

Улаанбаатар төмөр замын тээвэр болон ашгийг нэмэгдүүлэхэд саад учирдаг ганц зүйл нь ачаа юм. Ачаагүй бол ашиггүй. Ачаа хэдий чинээ их байх тусам төмөр замын ашиг төдий чинээ их байна. УБТЗ-ын цэвэр ашиг яагаад олон жил тогтмол түвшинд байгаад байна вэ гэвэл тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэхгүй байгаад юм. Өөрөөр хэлбэл, ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэхэд Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам жин дарна. Ашгийн огцом өсөлтийг бий болгоно.

 

С.Баяр

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.