Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх оноос Өмнөд Солонгост тамхидалтын эсрэг хатуу хууль хэрэгжихээр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дам тамхидалтын эсрэг хатуу хуулийг Өмнөд Солонгосын парламент баталжээ. Сөрөг хүчин болох Солонгосын Ардын Намын гишүүн Чой Мюн Гилийн санаачилсан тамхины эсрэг шинэ хуулийг өчигдөр буюу Лхагва гарагт парламент хэлэлцэж баталсан юм.

Шинэ хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Одоогийн хуулиар нийтийн орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгүүд болох шат, орц, цахилгаан шатанд тамхи татахыг хориглосон байдаг. Харин гэртээ тамхи татахыг огт зохицуулаагүй тул хөрш зэргэлдээ оршин суугчдын дам тамхины хор хөнөөлд автах боломж нээлттэй байсан юм.

Тэгвэл шинэ хуулиар хөршийн тамхидалт өөрт нь нөлөөлж байна гэж үзвэл иргэн гомдол мэдүүлэх эрхтэй болжээ. Ингэснээр байцаагч нар гэртээ тамхи татаж байгаа этгээдийн гэрт ирж, шууд болиулахгүй ч гэсэн анхааруулга өгөх эрхтэй болж байна.

Уг нь хуулийн анхны хувилбарт байцаагч нарыг гэр дотрох тамхидалтыг зогсоох эрхтэйгээр тусгасан байсан ч хэлэлцэх явцад зөөлрүүлж, зөвхөн анхааруулга өгөхөөр болгожээ.

 

Эх сурвалж: Korea Times