Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

А.Гылымхан: Баян-Өлгий аймагт Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг гурван удаа зохион байгуулна

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт хэлэлцүүлэг Баян-Өлгий аймгийн Толбо суманд эхэллээ. 

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан "​25 жилийн өмнө Монгол Улс Үндсэн хуулиа батлахад нэг сая 200 мянган хүн амтай байсан.

Өнөөдөр Монгол Улсын маань хүн ам гурван саяд хүрээд байна. 

Нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.

Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багагүй яригдсан.

Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа баталж байсан байна.1992 онд Монгол Улс Үндсэн хуулиа батлахдаа ард түмнээрээ хэлэлцүүлж, нийт хүн амын 75 хувийн саналыг тусгаж байжээ.

1992 онд Монгол Улс Үндсэн хуулиа батлахдаа ард түмнээрээ хэлэлцүүлж, нийт хүн амын 75 хувийн саналыг тусгаж байжээ.

Энэ удаа ч та бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа өгөхөөр ирээд байгаа билээ.

Баян-Өлгий аймгийн хувьд төслийн хэлэлцүүлгийг бүсчилсэн хэлбэрээр гурван удаа явуулна.

Сум орон нутгийн иргэдийг өргөнөөр хамруулахаар төлөвлөөд байна" гэлээ.  

Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудал хөндөгдөөгүй

 

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 65 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, хороо, тосгоноос гадна сумын Засаг даргыг дээд шатны удирдлагаас шууд томилж болох уу, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэгийг төрийн албан хаагчаар бүрдүүлдэг байсан тэр журмыг сэргээж болох уу, шүүгчийг Ерөнхийлөгч батламжлах болсноор эрхийг нь хязгаарласан асуудал болсон эсэх, Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудлыг  төсөлд тусгаагүйг илүүтэй сонирхов.

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сум, дүүргийн Засаг даргыг шууд томилох асуудал хөндөгдөөгүй.

Сум, дүүргийн Засаг даргыг дээд шатны удирдлагаас шууд томилох саналтай байвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудаст бичиж болно. 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна.

Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн нь дотроос зургаан жилийн хугацаатайгаар сонгоно.

Энэхүү шийдвэрийг ­Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна гэж төсөлд тусгасан байгаа.  

Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллагаар дамжин шүүгчийг томилох нь ардчилсан, шударга  байх зарчимд илүү нийцэх юм. 

Харин Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудал төслийн хүрээнд хөндөгдөөгүй сэдэв хэмээн хариулсан.

Асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Хэлэлцүүлэгт оролцогчдын олонхи нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байлаа.

Сум, аймгийн Засаг дарыг шууд томилдог болох хэрэгтэй

 

Баян-Өлгий аймгийн Булган сумын дөрөвдүгээр багийн иргэн Х.Зейнел “Ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллагын хооронд зөрчил гардаг учраас Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлах нь зөв гэж бодож байна.

Үүнийг би бүрэн дэмжиж байгаа. Сонгуулийн дараа төрийн алба бужигнадаг.

Тиймээс Үндсэн хуульдаа төрийн албыг тогтвортой байлгах асуудлыг оруулж ирснийг дэмжиж байна.

Түүнчлэн баг, хороо, тосгоны гэж хязгаарлахгүйгээр сум, аймгийн Засаг дарыг шууд томилдог болох хэрэгтэй.

Тэгэхдээ төрийн албанд ажилласан жил, боловсролын түвшин гээд бусад шалгуур үзүүлэлтийг тавьмаар байна” гэв.

 

Толбо сумын иргэн М.Хурмангаз “Баг хорооны Засаг даргыг шууд томилох болсныг дэмжиж байна. Цаашлаад аймаг, сумын Иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын гуравны нэгийг төрийн жинхэнэ албан хаагчдаар бүрдүүлэх саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө тусгах саналтай байна” гэж байлаа.

Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа. Төслийн хэлэлцүүлэг маргааш Баян-Өлгий аймгийн төвд үргэлжилнэ. 

 Баян-Өлгий аймгийн баруун  бүсийн сумд болох Толбо, Алтай, Буянт, Булган, Дэлүүн сумдын 23 мянга орчим иргэдийн төлөөлөл болсон 127 хүн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо.

 

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс