Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Европ даяар жуулчдын эсрэг тэмцэл өрнөж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Люсифер нэртэй халуун агаарын урсгалд иргэд нь халууцан бачимдаж байгаатай зэрэгцэн Европын хамгийн их жуулчдыг татдаг хотуудад аялал жуулчлалын эсрэг тэмцэл буцалж эхэллээ.

Энэ зуны нэг гол чимэг нь “туризм-фобиа” гэх үг болоод байгаа ба НҮБ-ын аялал жуулчлалын байгууллага (UNWTO) салбараа хамгаалж, орон нутгийн захиргаадад байдлыг зохицуулах арга хэмжээ авахыг шаардсаар байна.

Тэмцлийн нэг халуун цэг нь Испани орон болоод байгаа юм. Өнгөрсөн онд тус улсад 17.8 сая жуулчин ирж, дээд амжилт тогтоосон. Барселон хотод гэхэд сүүлийн хэдэн жилд жуулчдын эсрэг тэмцэл нэмэгджээ. Оршин суугчид тус хотод хэт их тооны жуулчид ирж, түүх дурсгалуудыг нь сүйтгэж, дотоодын үл хөдлөхийн зах зээлд үнэ өсгөж байгаад бухимдах болсон юм.

Залуучуудын дунд Арран нэртэй радикал байгууллага бий болж, жуулчдын автобус, түрээсийн автомашины дугуйг хагалах зэргээр тэмцэх болжээ. Испаний ерөнхий сайд Мариано Рахой уг байгууллагыг “экстремистууд” хэмээн тодорхойлоод байна.

Мөн Испаний Маллорка, Сан Себастян хотуудад наймдугаар сарын 17-нд жагсаал төлөвлөгдсөн нь Баскийн соёлыг жуулчдад үзүүлдэг Семана Гранде баяртай давхцаж байгаа юм.

Энэ мэтээр өмнөд Европыг хамарсан тэмцэл хөдөлгөөн өрнөж байна. Өнгөрсөн сард ердөө 55,000 оршин суугчтай мөртлөө жилд 20 сая жуулчин хүлээж авдаг Венец хотын 2,000 иргэн жагсаал хийж, орон байрны түрээсийн үнэ өсөж, том хөлөг онгоцнуудын сөрөг нөлөө нэмэгдэн, орчныг бохирдуулж байгааг эсэргүүцжээ.

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага UNWTO уг асуудалд тун болгоомжтой хандаж, хотуудын удирдагч нарт жуулчдын ачааллыг ухаалаг зохицуулах төрөл бүрийн арга хэрэглэхийг зөвлөх болсон байна.

Тэд жуулчдын ирэхийг шууд зогсоох ёсгүй гэж үзэж байгаа гэнэ. Хотууд ч жуулчдыг зохицуулах янз бүрийн арга хэмжээг түрүүчээсээ авч эхэлсэн байна. Жишээ нь Барселон хот энэ оны эхнээс зөвшөөрөлгүй Airbnb сүлжээний түрээсийн сууцнуудыг хоригложээ. Тус хотод 16,000 түрээсийн байр байгаагийн 7,000 орчим нь зөвшөөрөлгүй жуулчдад үйлчилж байсан гэнэ.

Венец хот өнгөрсөн зургаадугаар сард шинэ жуулчин хотын төвд буулгахыг хориглож, хотын төвийн чухал цэгүүдэд “хүн тоолуур” тавьж, ачаалал үүсэхээс сэргийлэх болсон байна.

Италийн Ром, Милан зэрэг хотуудад жуулчдын зохисгүй үйлдлийг хориглох болсон. Тухайлбал Ром хотын усан оргилууруудад орж туучих, хоол идэх, шөнийн цагаар гудамжинд уухыг хоригложээ. Дубровник хотод ирсэн том хөлөг онгоцнуудаас олон тооны жуулчин бөөнөөр буухаас сэргийлэн хяналтын камер байрлуулж, хэсэгчлэн буулгах, таслах арга хэмжээ авдаг болжээ.

Африкийн хойд хэсгээр терроризмийн аюул нэмэгдсэн тул өмнөд Европт ирэх жуулчдын тоо сүүлийн хоёр жил эрс нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Ийнхүү Европ тивийн түүхт хотууд гадны зочдоос залхаж эхэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian