Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Шаравжамц: Тамирчид Японы Яйзү хотод олимпийн бэлтгэлд гарах сайхан боломж бүрдэж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
 

Биеийн Тамир Спортын Газар, Японы Шизүока мужийн Яйзү хоттой 2017-2020 он хүртэл үндэсний шигшээ багийн чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчдыг тус хотод бэлтгэл сургуулилт хийлгэх талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Спортын Төв Ордонд боллоо.

БТСГ нь Японы Шизүока мужийн Яйзү хоттой  2015 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2017 оны хоёрдугаар сард тус хотод 2020 он хүртэл зуны олимп,  паралимпийн бэлтгэлийг хангах талаар харилцан ойлголцсон санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд цаашдаа чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчидийг тус хотод бэлтгэл хангуулах талаар харилцан тохиролцоод байгаа аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц  “БТСГ, Японы Шизүока мужийн Яйзү хоттой хамтран ажиллах төлөвлөгөө маань өнөөдөр ийнхүү үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид болон пара хөнгөн атлетикийн холбооны тамирчид маань энэ оноос эхлэн Яйзү хотод олимпийн бэлтгэлд гарах сайхан боломж бүрдэж байна. Яйзү хотын удирдлагууддаа баярлалаа. Нийт тамирчиддаа амжилт хүсье” гэв.

Монголын баг тамирчид олимпийн наадамд өндөр амжилт үзүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе

Яйзү хотын дарга Накано Хиромичи “БТСГ, Монголын Үндэсний Пара Хөнгөн Атлетикийн Холбоо, МЧБХ-той хамтран ажиллах төлөвлөгөөг баталж байгаадаа баяртай байна. Энэ нь бидний өмнө баталсан санамж бичгийг үндэслэн хэрэгжих “Токио 2020” олимп, паралимпийн наадамд чиглэсэн үйл ажиллагаа юм. Бидний хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлж, Монголын баг тамирчид олимпийн наадамд өндөр амжилт үзүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэв. 

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “МЧБХ, Яйзү хотын хооронд өсвөр үеийн баг тамирчдыг хамтарсан бэлтгэл, уралдаан тэмцээнд оруулах тал дээр хамтарч ажиллаж байсан бол энэ үйл ажиллагаа улам өргөжиж “Токио 2020” олимпд оролцох баг тамирчдыг бэлтгэл сургуулилтаар хангах, хамтарсан бэлтгэл хийлгэх мөн Япон улсаас тамирчид ирж харилцан бэлтгэл хийлгэх хүрээнд хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Та бүхний тусламж дэмжлэг бидний спортын амжилтаар хариу болж хүрнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

БСТГ нь Яйзү хоттой сүүлийн хоёр жилийн турш тогтмол бэлтгэл сургуулилтаа базааж буй бөгөөд чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид тус хотод зохион байгуулагддаг Япон Улсын Төвийн Бүсийн АШТ-д жил дараалан амжилттай оролцсон байна.     

Ёслолд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, Монголын Үндэсний Пара Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхийлөгч Б.Батдорж, Яйзү хотын дарга Накано Хиромичи, Яйзү хотын Боловсролын газрын дарга Мүрамоцү Тошими, Яйзү хотын Спортын хэлтсийн дарга Шибүя Казүми, Яйзү хотын Олимп, Паралимпийн хэсгийн дарга Мацүнага Тошифүми нар оролцсон юм.