Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга 86 настай Паавангийн Дамдинд тусгайлан үг хэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, барилга, тээвэр зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг өнөөдөр Төрийн дээд цолоор шагналаа.

Шагнал гардуулсны дараа тэрбээр үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүгдийн амгаланг айлтгая. Монголын үнэт зүйлсийн тэргүүнд хөдөлмөрч, бүтээлч иргэд нь байдаг. Тийм учраас эрхэлж байгаа ажил, мэргэжилдээ эзэн нь болж, өөрийн болоод бусдын амьдрал, улсынхаа хөгжлийн төлөө цуцашгүйгээр, чин сэтгэлээсээ зүтгэж, амжилт гаргасан иргэдээ Монголын төр хүндэтгэж, ард түмний нэрийн өмнөөс шагнаж, урамшуулсаар ирсэн билээ.

Та бүхний дунд шагнал аваад зогсч буй БНМАУ-ын Аж үйлдвэрийн сайд, Хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдаар 1960-1990 онд ажиллаж байсан, 86 настай Паавангийн Дамдин хэмээх ахмад бууралд Миний бие төрийн тэргүүний хувьд тусгайлан үг хэлэх гэсэн юм.

П.Дамдин гуай Үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьж, галыг цахисан анхдагчдын төлөөлөл, энэ салбарыг удирдагчдын нэг бөгөөд ахмад үеийнхний эхлүүлсэн хүнсний үйлдвэрлэл өнөөдөр ч ард иргэддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байгаа.

Үйлдвэрлэлгүйгээр үндэсний эдийн засаг, эдийн засгийн тусгаар тогтнол оршин тогтнохгүй.

Эдийн засгийн тусгаар тогтнолыг ямар ч сүржин үг, уриа лоозонгүйгээр өдөр тутмын шаргуу хөдөлмөрөөрөө тунхаглаж, тордож, хамгаалж яваа нийт үйлдвэрчлэгчдээ төлөөлүүлэн П.Дамдин танд гүн хүндэтгэл үзүүлж байна.

Өнөөдөр Төрийн хүндэтгэл хүлээж, цол, одон, медаль хүртсэн бүх хүнд, Та бүхний гэр бүл, хамтран зүтгэгчдэд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Улс орны хөгжилд хүн бүрийн оролцоо, идэвх зүтгэл, шаргуу хөдөлмөр чухлаар шаардагдаж байгаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Сайн үйлс дэлгэртүгэй!” гэв.

 

Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Аж үйлдвэрийн сайд асан Паавангийн Дамдинг өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.