Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гуамд цохилт өгөх Хойд Солонгосын төлөвлөгөө энэ сарын дундуур бэлэн болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Хойд Солонгосын зэвсэгт хүчин Гуамын арал орчимд цохилт өгөх тухайгаа дахин мэдээллээ.

Ингэхдээ тэд дөрвөн ширхэг дунд тусгалын баллистик пуужин харваж, АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд байрлаж байгаа баазын орчимд цохилт өгнө гэжээ. Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) Хвасон-12 пуужингаар цохилт өгснөөр “дайсны гол цэргийн баазын ажиллагааг саатуулж, АНУ-д хатуу сануулга өгөх зорилготой” гэж мэдээлсэн байна.

Пуужингууд нь Японы Коичи муж, Хирошима, Шиманегийн дээгүүр 3,356.7 км зам туулан нисэж, Гуамын арлаас 30-40 км зайнд тусна гэж төлөвлөгөөнийхөө талаар тайлбарлажээ.

Мөн цохилтын төлөвлөгөө нь энэ сарын дундуур бэлэн болж, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд танилцуулагдах ба дараа нь түүний тушаалыг хүлээнэ гэсэн байна.

Өчигдөр Хойд Солонгос Гуам орчимд цохилт өгөх тухайгаа анх мэдээлсэн бол өнөөдөр ийнхүү төлөвлөгөөнийхөө зарим мэдээллийг ил гаргаж байгаа юм.

Өчигдөр мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын өдөөн хатгалга үргэлжилбэл дэлхийд урьд нь тохиолдож байгаагүй “гал дөл, уур хилэн”-г тус улс амсах болно гэж мэдэгдсэн нь ерөнхийлөгч болсноосоо хойш хэлсэн хамгийн хатуу мэдэгдэл болсон байна.

Харин үүний дараа АНУ-ын топ дипломатч Рэкс Тиллерсон ерөнхийлөгчөө “Ким Жон Уны ойлгож чадах хэлээр ярьсан” гэж тайлбарласан юм.

 

Эх сурвалж: Korea Times