Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины ханш шинэ дээд амжилт тогтоолоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Ямар ч засгийн газар, төв банкны хяналтгүй хэрэглэгддэг крипто валютуудын анхдагч болох Биткоин яг нэг жилийн өмнө $590-ын үнэ ханштай байв.

Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт түүний ханш $3,500 хүрч шинэ дээд амжилт тогтоожээ. Сүүлд бага зэрэг буурсан ч нэг биткоин $3,430 хавьцаа арилжаалагдаж байв.

Энэхүү өсөлт нь наймдугаар сарын 1-нд болсон хуваагдах үйл явцын үр дүн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Энэ өдрөөс эхлэн Биткоин нь үндсэн “Bitcoin” ба “Bitcoin Cash” гэсэн хоёр тусдаа валют болж хуваагдсан юм. Ингэхдээ өмнөх Биткоин эзэмшигчдийн валют автоматаар давхар “Bitcoin Cash” хэмээх хоёр дахь валют болж нэмэгдсэн байна.

Гэвч эхний өдрөө Bcash нь $12 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй болж амжилттай эхэлсэн ч удалгүй хүмүүс шинэ валютыг зарж, үндсэн Биткоиныг ихээр худалдаж авах болсон юм.

Ингэснээр Bcash-ийн зах зээлийн үнэлгээ $8 тэрбумаар унасан бол үндсэн Биткоины үнэлгээ $9 тэрбумаар нэмэгдсэн байна. Биткоины ханш наймдугаар сарын 1-нээс хойш долоо хоногийн дотор 19 хувиар нэмэгджээ.

Харин Bcash-ийн ханш өнөөдөр $376 орчим байна. Анх Биткоиныг олборлогчдын дунд уг валютын гүйлгээний хурд, өртгийг хэрхэн сайжруулах талаар маргаан дэгдсэний үр дүнд хоёр салгах шийдэлд хүрсэн юм.

Эхлээд Биткоины салбарт оролцогчид програмын хувилбараа SedWit2x болгон ахиулж, крипто валютын багтаамж, чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. Харин энэ шинэчлэлийн үр дүн таалагдаагүй цөөнх хэсэг нь хоёр дахь салбар валютыг бий болгохоор шийдсэн нь Bitcoin Cash байсан юм.

 

Эх сурвалж: Fortune.Com