Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэрэг гардаггүй Сингапурт олны анхаарлыг татсан хэрэг

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Гэмт хэрэг бараг гардаггүй баян хот улс болох Сингапурын цагдаа нар сонин хачин хэрэг зөрчилтэй хөөцөлдөж суудаг ажилтай юм байна.

Саяхан тус улсын иргэн 60 настай эр автобусанд “сахилгагүйтэж”, суудал дээр гурван ширхэг шүдний чигчлүүр босгон хатгаж орхисон нь том хэрэгт тооцогдож байгаа ажээ.

Цагдаагийн газар “хэргийг нарийвчлан мөрдөж, хяналтын камерын бичлэгний тусламжтайгаар сэжигтнийг илрүүлсэн…” гэж Мягмар гарагт гаргасан мэдээлэлдээ өгүүлсэн байна.

Автобусны суудал дээр гурван ширхэг шүдний чигчлүүр хатгаастай байгаа гэрэл зургийг өнгөрсөн сард нэгэн иргэн фэйсбүүк хуудсандаа нийтлээд хүмүүст анхааралтай байхыг сануулжээ. Тэр өөрөө дээр нь суух гэж байснаа бас бичсэн байв.

Дэлхий дээр гэмт хэргийн гаралт хамгийн багад тооцогддог Сингапурын цагдаа “Гэмт хэрэг бага гэдэг нь гэмт хэрэг байхгүй гэсэн үг биш” гэсэн уриатай ажиллаж, голдуу ийм жижиг хэргүүдийг мөрддөг гэнэ.

Хоёр жилийн өмнө татсан тамхиныхаа ишийг гэрийн цонхоороо хаядаг байсан иргэнийг илрүүлж, $14.5 мянгаар торгож байв.

Харин дээрх шүдний чигчлүүрийн хэргийг цагдаа үргэлжлүүлэн шалгаж байгаагаа мэдээлээд буруутанд 2 жил хүртэл хорих, торгууль төлүүлэх хоёр шийтгэлийн аль нэгийг, эсвэл хослуулан оногдуулна гэжээ.

 

Эх сурвалж: The Guardian